“Хайртай хүмүүсээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай бэлгийн замын халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өнөөдрөөс эхэлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний (БЗХӨ)-ий 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн ДОХ-ын халдварын 270 тохиолдол бүртгэгдсэн ч 42 нь нас баржээ. Гэхдээ ДЭМБ-тай хамтран явуулсан судалгаагаар ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг аж.
Бэлгийн замын өвчний тархалт халдвар их байгаа үед хайртдаа үнэнч байх, өвчнөөс сэргийлэх тухай мэдлэгээ хэвшил болгох нь өөрийгөө хамгаалах хамгийн найдвартай арга гэж эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна.
БЗХӨ-ний нийт халдварын 38 хувийг тэмбүү, 33.9 хувийг заг хүйтэн, 28 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ, ДОХ тус тус эзэлдэг байна. ДОХ-ын халдвар зөвхөн бэлгийн замаар дамжих халдварласан байна.
Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18.5 хувь нь эмэгтэйчүүд, 80 хувь нь эрчүүд эзэлж байна. ДОХ-ын халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлжээ.
БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32.5 хувийг 15-24 насныхан, 43.7 хувийг 25-34 насныхан эзэлж байна.
Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 71 хувь, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Энэ нь эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт тогтмол үзүүлдэгтэй холбоотой. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой, 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна.
ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, бэлгийн замаар дамжих халдварын кабинетууд тус халдварыг илрүүлж, эмчлэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа.
Хамгийн гол нь ДОХ-ын оношилгоог Монголд дэлхийн төвшин хийж байгаа. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болсон. БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэж эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.