Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр, жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Их хэмжээний ховор ургамалыг тавдугаар сарын 29-нд Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нар авч гарах гэж байгаад баригдсан байна.
Дэрэвгэр жиргэрүү нь манай орны ховор ургамлын жагсаалтад багтдаг. БОАЖ-ын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар энэ ургамалыг түүн бэлтгэхийг 2023 оны 01 сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон байгаа.
Хязгаарлагдмал нөөцтэй ургамлын төрөл учраас устаж аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан дээрх тушаалыг гаргасан билээ.
Эх сурвалж: Монголын радио