Машин дотор орхисон савтай ус хорт хавдар үүсгэх магадлалтай болсон байдаг гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр ч халуун нөхцөлд ууршиж, бүлбийж цанатсан ус ямар л олигтай байв гэж, хуванцар саванд байгаа юм хойно. Гэтэл өчнөөн хоног сараар контейнерт ачигдаж ирдэг импортын ус ундаа, жүүс тэргүүтэн ямар байдаг бол? Халуунд халж, хүйтэнд хөлдөж, дор хаяж сар цаашилбал 45 хоног тээгдэж ирдэг импортын бараа үнэндээ хоол болох уу хор болох уу?
Дор хаяж хадгалах хугацаа горимыг анзаарахгүй байхын аргагүй. Нэг хэсэг Монголчууд өөрсдөө ундаа жүүсээ ч хийж чаддаггүй байсан үе бий. Орос, Германаас ус ундаа тэргүүтнээ авчирч хэрэглэж байсан үе бий. Харин одоо бол монголчууд ус ундаа, шүүс, рашаан тэргүүтнийг хангалттай хийж чадах болсон. Зөвхөн Монголын гэсэн тодотголтой, чацарганатай гэх мэт эрүүл мэндийн бүтээгдэхүүнд олон болсон. Монголчуудын үйлдвэрлэж байгаа ус ундаа, тэргүүтнийг тоолж боломгүй. Технологи амт чанарын хувьд ч дэлхийн төвшинд хүрсэн. Тийм болохоор тэр холоос, хэдэн сар жилээр, халуунд халж, хүйтэнд хөлдөөж авчирсан импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзвал ямар вэ. Монголчууд элгэн тараг, хүүхдийн сүүн бүтээгдэхүүнээ гайхалтай сайхан хийж чадаж байхад Германаас иогурт авчирч хүүхдүүдээ идүүлээд ч яах юм билээ. Хужирт гэх мэт гайхалтай сайхан рашаан байхад гадаадаас ус, рашаан авчрах хэрэг юун. Хамгийн гол нь хуванцар савтай бүтээгдэхүүнд тээвэрлэх явцад хор болж хувирч байгааг үгүйсгэх аргагүй.
Тэгэхээр монголчуудаа өчнөөн олон хоногоор хүйтэн, халуунд тээвэрлэж, авчирч байгаа, хуванцар савтай ундаа тэргүүтнээс татгалзцацгаая. Монголд маань тэртэй тэргүй сайхан ус ундаанууд үйлдвэрлэж байгаа шүү дээ.
Ядахдаа хүүхдийн баяраар бяцхан үрсдээ бүү импортын “хор” авч өгөөрэй.
А.Туяа