Нобелийн утга зохиолын шагнал (1925 он), Оскарын шилдэг зохиолын шагналыг (1938 он) хоёуланг нь хүртсэн Ирландын зохиолч Жорж Бернард Шоугийн хэлсэн “Бидний өнгөрсөн дурсамж биш харин ирээдүйн хариуцлага л ухаантай болгодог” гэсэн үг бий. Үнэхээр ирээдүйн хариуцлагын өмнө өөрийгөө бэлэн байлгах, ажил амьдралаа зөв төлөвлөхийн тулд доорх таван зарчмыг мөрдөөд сурчихад илүүдэхгүй юм.
Нэг: Өөрчлөлт байнга гарна
Тийм учраас бид нэг том шийдвэр гаргаад болчихно, гүйцлээ гэж бодож болохгүй. Шийдвэр гаргалт тасралтгүй үргэжилнэ. Шийдвэр гаргахдаа хүмүүс янз бүрээр ханддаг. Зарим нь юу бодолгүйгээр шийддэг байхад зарим нэг нь эерэг сөрөг талуудыг харьцуулж байж нухацтай шийдвэр гаргадаг.
Нөхцөл байдал өөрчлөгдвөл шийдвэрээ өөрчилж болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бид тухайн үед өөрсдөдөө хамгийн сайн гэж санагдсан шийдвэр гаргадаг. Гэхдээ ямар ч сонголт хийсэн сайн муу талтай. Бид заримдаа таатаж боломжуудыг алдаж, хохирол авчрах шийдвэр гаргадаг ч бас их туршлага олж авдаг.
Хоёр: Тасралтгүй суралцана
Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж, ХХI зууны олон төрлийн ажил мэргэжил одоо ч үүсч бий болоогүй байгаа учир насан туршдаа байнга суралцаж, ажил мэргэжлээ төлөвлөх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл бид “суралцахад суралцах” хэрэгтэй. Тасралтгүй суралцахын тулд сурах уламжлалт ур чадвараас гадна бусад бүтээлч аргуудыг эзэмших ёстой.
Гурав: Зүрх сэтгэлээ дага
Зүрх сэтгэл чинь хаашаа зааж, эрхэмлэдэг зүйлс чинь юу хэлж байгааг мэдээрэй. “Зөв шийдвэр гаргах хэрэгтэй”, “найдвартай нь л дээр”, “нүдэнд харагдаж гарт баригдах юм хий” гэсэн үгс зартмдаа хүсэл мөрөөдлөө мэдэрч түүнийхээ төлөө явах урмыг хугалдаг. Тиймээс өөртөө итгэ.
Бүтэлгүйтэхээс айгаад байвал гаргасан алдаанаасаа суралцаж чадахгүй. Хурдсан өөрчлөгдсөөр буй энэ ертөнцөд хөдөлгөөнтэй, дасан зохицох чадвартай байх ёстой. Үүний тулд тооцсон эрсдэлд үе үе орж сурах хэрэгтэй.
Дөрөв: Аялалдаа төвлөр
Ганц л заяах хувь тавилангаа шийднэ гэж ярихаа болих хэрэгтэй. Харин түүний оронд хэсэг хэсэг аяллыг яаж сайн хийх вэ гэж бодох хэрэгтэй. Хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд нэг л мэргэжлийг хувь тавилангаа болгон сонгож, нэг л зорилгын төлөө эцсээ хүртэл явах нь эцсийн эцэст өөрийгөө хязгаарлаж, үр дүнгүй баахан зүтгэхэд хүрэх болно. Хэсэг хугацааны дараа анх тавьсан зорилго үгүй болж өөр зорилго гарч ирж болно.
Ирээдүйг өргөн хүрээгээр харж сур. Ял таг нарийн зорилт тавихаасаа илүүтэй ерөнхий чигийг л баримжаал. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдал чамд хүчээ хаана төвлөрүүлэх ёстой хэлээд өгнө. Заримдаа шалгалт өгөх, зээлээ төлөх, төрсөн өдрөө тэмдэглэх гэх мэт тулгамдсан асуудлыг шийдэх ёстой болдог. Гэхдээ бусадтай харилцаа холбоо тогтоох, түүнийгээ бэхжүүлэх, эрхэмлэдэг зүйлээ хийх гэх мэт тэвчээр шаардсан, удаан үргэлжлэх зүйлд цаг гарга.
Тав: Холбоотноо олж ав
Бид хүчирхэг, бие даасан байхыг хүсдэг. Энэ бол сайн чанар. Гэхдээ ганцаараа зүтгээд амжилт гарахгүй. Ажил, амьдралын бүхий л тал дээр итгэлийг тань хүлээсэн хүмүүсийн дэмжлэг тусламж хэрэгтэй.
Тэд бол гэр бүлхийхэн, найз нөхөд, хамт ажиллагсад, нэг ангийнхан, дарга захирал нар. Тэд бидний холбоотой. Тэд хэдэн ч настай байж болно. Амьдралд тань эрт орой хэдийд ч учирсан хүмүүс байж болно. Тэд бидний сэтгэлдээ тээж яваа бодол санааг хуваалцаж, шийдвэр гаргахад тусалж, хэрэгтэй хүмүүстэй холбож өгдөг.