“Generation Z” буюу 1995 оноос хойш төрөгсдийг тодорхойлох найман шинж

1995

Саяхан л сүүлийн үеийн хүүхэд залуус гэж хэлэгдэж явсан Generation Y буюу миллениалуудын (1981-1995 оны хооронд төрөгсөд) араас бүтэн нэг үе гарч ирээд байна. Энэ бол Generation Z юм. Хэдийгээр миллениалуудаас тийм ч олон насаар дүү биш боловч сошиал медиа дэлгэрсэн, өндөр технологийн цаг үед өсөж торнисноосоо шалтгаалаад тэд эрс өөр гэгдэж буй. Тэдэнд хүчтэй давуу талууд бий. Сул талууд ч цөөнгүй. Тиймээс өнөөдөр бид тэднийг илүү сайн танин мэдэж ойлгоход туслах нийтлэлийг оруулж байна. Тэдний онцлог шинжүүдийг мэддэг байх нь эцэг эхчүүд, ах эгч нар, ирээдүйн ажил олгогчид, компаниудад аль алинд нь ихээхэн тустай. Ингээд АНУ-д хийгдсэн зарим судалгааны дүнг агуулсан энэ нийтлэлээс (гэхдээ нийтлэлд дурдсанчлан, тэд хаана байхаас үл хамааран хоорондоо тун төстэй) “Z” үеийнхэнтэй танилцъя.

Төвлөрөхдөө тааруу: Тасралтгүй шинэчлэгдэж өөрчлөгдөж буй техник технологийн үед амьдарч байгаа учраас тэдний анхаарал төвлөрүүлэх хугацаа нь өмнөх үеүүдээс бага байдаг. Гэсэн хэдий ч мэдээллийг боловсруулахдаа хурдан байдаг гэнэ шүү.

Олон ажлыг зэрэг амжуулдаг:Gen Z-ийн хувьд компьютер дээр юм хийнгээ дуу эсвэл подкаст сонсоод, давхар утсаараа мэдэхгүй юмаа google-дээд, хажуугаар нь найзтайгаа чатлаад, за тэгээд эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаа үүсгэж, фэйсбүүк инстаграмдаа зураг авч Story оруулах нь энгийн л үзэгдэл. Тэд ажлаас ажлын хооронд маш хурдан шилждэг. “Multi-multi-tasking” гэж нэрлээд байгаа сүүлийн үеийнхний энэ хэвшил нь бидний эргэн тойрон дахь ажиллах орчин, арга барилыг нэлээд өөрчлөх төлөвтэй байна.

Мөнгө: Миллениалууд Gen Z-тэй харьцуулахад юмны үнэд нэлээд ач холбогдол өгдөг. Энэ нь ч бас аргагүй. Тэдний өсөж торнисон цаг үед юмс тийм ч элбэг хангалуун байсангүй. Нэгэн судалгаанд миллениалуудын 67 хувь нь купон авахын тулд вэбсайтад бүртгүүлнэ гэсэн бол Gen Z-ийн 46 хувь нь л ийм үйлдэл хийнэ гэж хариулжээ. Мөн миллениалууд онлайн зар сурталчилгаа дээр дарах нь илүү байдаг гэнэ.

Эрт эхлэгчид: Ихэнх ажил олгогчид өнөөгийн өсвөр үеийнхний нэлээд хэсэг нь ажлын талбарт эрт буюу 16-18 настайдаа гарна гэж таамаглаж байна. Энэ нь боловсролыг уламжлалт байдлаар бус онлайнаар ч юм уу, илүү хялбар дөт аргаар олж авах боломж нээгдсэнтэй холбоотой. Gen Z бие даасан байдлыг машид эрхэмлэдэг бөгөөд энэ нь боловсрол олж авахад ялгаагүй ийм байдлаар илэрнэ. Тэд аливааг өөрсдөө бие даан сурч чадна гэдгээ мэддэг. Тиймээс тэд ажлын талбарт хэдийнэ гараад эхэлжээ.

Илүү энтрепренерлэг: Gen Z-ийн төлөөлөл, маркетингийн стратегич Дийп Пател “Технологийн дэвшлүүд болон улам тэлж буй хүмүүсийн сүлжээ нь энтрепренерлэг сэтгэлгээтэй бүхэл бүтэн үеийг төрүүлсэн” хэмээн хэлж байна. Gen Z хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. Нэг судалгаанд өсвөр үеийнхний72 хувь нь хэзээ нэг өдөр бизнес эрхэлнэ гэж хариулжээ.

Хүлээлт өндөртэй: Миллениалууд компьютер дээр хөзөр тоглож, диал-апаар интернэт хэрэглэдэг байснаа санаж байгаа байх. Тэгвэл Gen Z-д технологийн дэвшлүүд анхнаасаа л өгөгдсөн юм. Тийм ч учраас ямар нэг зүйл хурдан бүтэхгүй, хүлээлтэнд нь нийцэхгүй бол ямар нэгэн юм буруу байна гэж тэд боддог аж. Мөн бизнес, брэндүүдэд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг, тийм байж чадахгүй бол өөрийг эрэлхийлдэг байна. Түүнчлэн, магадгүй дагадаг алдартнууд, мэдээллийн сувгуудаасаа хамаараад, бүх л зүйлд өвөрмөц, дахин давтагдашгүй шинжийг эрэлхийлдэг гэнэ.

Илүү даяарсан: Сошиал медиагийн эрин үед өсөж буй тэдний 92 хувь нь аль нэг сошиал медиад бүртгэлтэй. Дэлхийн бүх л мэдээллийг авч буй учраас тэр хэрээр бодож сэтгэж, хийж үйлдэж байгаа нь илүү глобал шинжтэй байдаг. Нэгэн судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн 58 хувь нь “Орчин үеийн хүүхдүүд тухайн улсад буй насанд хүрэгчдээс илүү гадаадад байгаа үеийнхэнтэйгээ илүү адил” хэмээн хариулжээ.

Тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй: Gen Z технологийн дэвшлүүдтэй хамт өсөж торнисон учраас гар утас, компьютер зэрэг нь тэдний амьдралын салшгүй хэсэг байдаг. Судалгаагаар өөрсдийгөө дижитал хэрэгсэлд донтдог гэж хариулах Gen Z миллениалуудаас 25 хувиар илүү байжээ. Тэгэхээр ойрын ирээдүйд маркетинг, сурталчилгааны хэлбэр, хэв маягт томоохон өөрчлөлтүүд гарах болов уу.

Эх сурвалж: Huffington Post