Хэвлэлд халтай хүн

[starbox]

Өнгөрөгч долоо хоногт залуу насаа Монгол Төрийн аюулгүй байдлын төлөө зүтгэхэд зориулсан “Монгол генералууд”-ын өдөр тохиов. Үндэсний бахархал болсон “Генералуудын өдөр” онцлох өдрийн нэгд тооцогдох учиртай ч сүүлийн жилүүдэд бүдгэрч, зөвхөн цэрэг армийн салбарынханд хамаатай мэт ойлгогдох болжээ.

Монгол Улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалж асан генералууд баяраа ийн даруухан тэмдэглэсэн долоо хоногт улс оронд нь анхаарал татсан олон үйл явдал болж өнгөрлөө. Цаг үе, үйл явдлын ихэнх нь аль нэгэн сэжмээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдоод байгааг олон сонгуулийн царай, олон нэр дэвшигчийн бараа харсан сонгогчид андахаа больжээ.

Эрдмийн баярын хориг @ салбарын сайдад хамаагүй сэдэв: БСШУС-ын сайд дунд сургууль төгсөгчдийн хонхны баярыг хориглон, хэвшмэл болсон энэ баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгохыг үүрэгдэв. Хонхны баяр нэрээр төгсөгчдөөс төлбөр, хураамж авах, төгсөгчдийн амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газарт архи, согтууруулах ундаа хэрэглэх замыг хязгаарлахыг зорьсон салбарын сайдын хориг нь нийгмийн замбараагүйдэлтийг хязгаарлах талаасаа зөв байж болно.

Гэвч сайдын тушаал хэрэгжсэн энэ долоо хоногт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн эргэн тойронд бугшсан асуудлыг хөндсөн “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлчийн бэлтгэсэн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг халуун сэдэв болж өргөжлөө. Албаныхан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлж орхиод дуулианыг намжаахаар оролдсон ч БСШУ-ны сайд Ж.Батсуурь “29-р сургуулийн асуудал надад хамаагүй” хэмээн ам алдсан мэдээ цацагдав. Нийгмийг манлайлах ёстой улстөрч, салбар хариуцсан сайдын хэлсэн гэх энэ үг харин эрх баригч МАН-ын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж эхлэв.

Хэвлэлд халтай хүн: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 69 дүгээр байрт жагсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө өнгөрсөн оныхоос есөн байраар ухарч алдсаныг Олон улсын сэтгүүлчдийн байгууллага зарлав. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Байнгын хороон дээр хэлэлцсэн Зөрчлийн тухай хуульд олон нийтийн мэдэх эрхийг боомилж, хэвлэл мэдээллийн салбарынхныг шийтгэхийг санаархсан хуулийн заалтыг “шигтгэв”.

Парламентаар хэлэлцэгдсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд хувь хүнд хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн торгууль ногдуулах”-аар тусгасан ч Ц.Гарамжав торгуулийн хэмжээг 10-100 сая болгон нэмэгдүүлж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шүүх нягтлахгүйгээр торгууль тавих хуулийн заалт санаачилан оруулав.

Олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж, хэвлэлийн эрх чөлөөнд халдан, сэтгүүлчдийг торгож яллах хуулийн заалт батлуулахаар зүтгэсэн Ц.Гарамжавын санаачилгыг монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон нийгэм эсэргүүцсэн бол МАН-ын Удирдах зөвлөл хуралдан муйхар арга сэдсэн гишүүнээ хатуу “донгодсон” мэдээ байна. Хэдхэн хоногийн дараа Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Хэрвээ хэвлэл мэдээллийнхэн энэ өдрөөс өмнө олон нийтийн дунд “Оны хэвлэлд халтай хүн”-ийг тодруулах санал асуулга явуулах аваас Ц.Гарамжав өрсөлдөгчгүй тодрох нь гарцаагүй.

Авлигачид @ оффшорчид: Өнгөрөгч долоо хоногт авлигачдыг цагдан хорих баривчилгаа үргэлжиллээ. Ээлжит баривчилгаанд Ардчилсан намыг Засгийн эрх барьж байх үед Төрийн орон сууцны корпорацийн (ТОСК) дарга асан А.Гантулга өртөн хорих 461 дүгээр ангид хоригдов. Харин баасан гаригт УИХ-ын гишүүд “Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар бий” гэсэн мэдээллийн дагуу Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан асуулгын хариуг сонсов. “Оффшор бүсэд Монгол Улсын 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа. Тэдний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа” хэмээн хэлсэн АТГ-ын дарга Х.Энхжаргал харин “Оффшорт 17 тэрбум ам.доллар байхгүй. Оффшорт данстай 29 хүн АТГ-т байцаалт өгч, асуудлаа цэгцэлсэн баримтаа авчирч өгсөн гэж мэдэгдлээ.

“Рио Тинто”-гийн нэхэл: Засгийн газрын ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт “Оюутолгойгоос олборлосон байгалийн баялгийн төлбөрийг Монгол Улсын банкаар дамжуулдаг болгох санаа шигтгэсэн байгаа. Гэвч “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компани ОУВС-д гомдол мэдүүлснээр Засгийн газарт бичиг баримтаа эргэн харах бас нэг ажил нэмэгдсэн талаар хэвлэлүүд шуугиж байна.

Үүнийг Сангийн сайд үгүйсгэсэнгүй. Тэр энэ тухай сурвалжилсан хэвлэлийнхэнд “УИХ-ын гишүүдээс санаачилсан, төсвийн тодотголтой хамт батлуулсан тогтоол байгаа. Үүнийг Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуультай зөрчилдөж байна уу, үгүй юу гэдгийг нягтлахаар хуульчид ажиллаж байна” хариулжээ. Энэ өдрүүдэд харин Монголбанк Монгол Улсын эдийн засагт хоёр орчим хувийн өсөлт гарсан хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн сэтгэлд бөхсөн галыг бага ч атугай сэргээв.

Хөрөнгө оруулалтын банкны хууль тойрсон улстөржилт: УИХ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Эрх баригч МАН энэ хуулийг батлах тал дээрМонгол Улсын эдийн засгийн банкин дээр суурилж байгаа хэмжээг 50 хувь болтол буулгах, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлага байна. Монголын банкны системд шударга бус өрсөлдөөн их. Гадны банкгүй улс дэлхийд байхгүй. Томоохон төслийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалтын том банкууд хэрэгтэй” гэсэн байр суурьтай байна.

Нөгөө талд энэ хуулийн сургаар гадны банкыг эсэргүүцсэн Монголын арилжааны банкууд лобби ил далд явуулж эхлэв. Гэвч арилжааны банкуудын энэ лобби зүтгэлийг дээд тал нь 25 хувийн хүүтэй, олон улстай харьцуулахад богино хугацаатай зээл авч бизнес эрхэлж, банкны хүүнээс өндийж чаддаггүй аж ахуйн нэгж, байр, орон сууцны зээлийн хүүд боомилогддог иргэд төдийлөн ойшоохгүй байна.

Харин “Энэ хууль батлагдсанаар Монголд гадаадын банк орж ирэх эрх зүйн орчин бүрдэж байгаа. Хамгийн ноцтой нь энэ хуулиар дамжуулан Монгол Улсыг орд газар, баялагтай нь гадаадын банк “барьцаалах” эрхийг олж авна Томоохон хэмжээний зээл авсан иргэд аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан лицензүүд хураагдан улмаар цааш зарагдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюул учраад байна” хэмээн хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг иргэдийн анхаарлыг татаж байна. Гэвч гадны банкинд оноох эрх үүргийг оновчтой хуульчилж чадвал өндөр хүүтэй авсан зээлээ яаж ийж байгаад төлчихдөг иргэд, аж ахуйн нэгжийн нуруу бага ч болов тэнийнэ гэж үзэх иргэд олон байна.

Эрдэнэт ба төсвийн хөрөнгө: Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн 2016 онд зарцуулсан төсөл хөтөлбөр, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой баримтууд дэлгэгдэв. Тус үйлдвэр өнгөрөгч онд 846 гэрээ байгуулж, зөвхөн зөвлөлийн болон хянан шалгах ажил, хууль зүйн үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэгтэй хамтран ажиллах зардалд олон тэрбумыг зарцуулжээ.

Мөн ОХУ-ын тал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиа “Монголын зэс” компанид зарсан 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “Танан трейд”, “Ди Ти и Эм Строй”, “Жи Стар Констракшн”, “Хөх тэнгэрийн сум” зэрэг 12 компанитай 7 тэрбум, 274 сая, 245 мянга, 352 төгрөгийн гэрээ хийж, 2.4 тэрбумыг нь урьдчилгаа болгон яаралтай шилжүүлсэн байна.

Баримтууд дэлгэгдэх үеэр “Эрдэнэт”-д засаглах хагас жилийн хугацаанд хууль бусаар ногдол ашиг авч, бизнес нэгтэй компаниасаа өндөр үнэтэй “Белаз” маркийн машин шахаанд авахдаа сэтгэл нь зовоогүй “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шаардах бичиг өгөв. Үүндээ “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн тансаглал, ажилчдын цалин урамшуулалд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Үндсэн хууль: Засаглалын хямралыг үргэлжлүүлж байгаа Үндсэн хуулийг  өөрчлөх, тэр дундаа УИХ-д байгаа Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг улстөрчид илэрхийлсээр ирсэн. Удаан хугацааны турш яригдаж байгаа санал санаачилгыг ажил хэрэг болох Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах “Анхдугаар зөвлөлдөөн” бямба, ням гаригт үргэлжилж байна.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эргэн тойронд: Ирэх зургаадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд ирэх тавдугаар сарын 2-6-нд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. АН-аас энэ сонгуульд Л.Болд, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Х.Баттулга нарын долоон хүн нэр дэвшихээр бэлтгэлээ хийж байна.

Өнгөрөгч долоо хоногоос АН-ын дэвшигчид олон нийтийн сүлжээнд дагнасан нэг сэдэв болтол өргөжин хэлэлцэгдэж эхлэв. Энэ нь нэр дэвшигчид олон нийтийн сүлжээнд нэг нэгнээ АН-ын даргын сунгаа явагдсан өдрүүдийг санагдуулам хэмжээнд “намнах” болсонтой холбоотой. Иргэд “С.Эрдэнэ долоогийн долоон хүүгээ золигт гаргаж” байна хэмээн шоглож байгаа бол нэр бүхий улстөрчид “Зарим намын нэр дэвшигчдийг харахаар шоронгоос зугтсан хүмүүсийн уралдаан шиг” хэмээн ёожиллоо.

Тус нам тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг санал болгосон нэр бүхий гишүүдийнхээ дунд ялагчийг тодруулах санал хураалтыг зохион байгуулж, хамгийн өндөр санал авсан нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоо мэдэгдээд байна.

2 thoughts on “Хэвлэлд халтай хүн

  1. zochin 2017-05-01 13:16 at 13:16

    l

    Хариулах
  2. Зочин 2017-05-08 07:57 at 07:57

    Авилгын оволзсон улаан шуурга намдав уу. Сүртэй ч барамнууд бол доо.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн