Ерөнхий сайдын 52-р дугаар захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн анхны хурал боллоо. Ажлын хэсгийг МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд гишүүдээр нь ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ын төлөөлөл ажиллах юм.
Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт болон дунд хугацаанд хэрхэн төлөвлөх, удирдан чиглүүлэх, өнгөрсөн жилүүдийн алдаа оноо нь хаанаа байсан талаар ажлын хэсгийн гишүүдэд хурлын эхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно.
Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл. Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд “үйлдвэрлэсэн” байдаг ч хоорондоо уялддаггүй, хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 02 дугаар сарын байдлаар эдгээр баримт бчигүүдээс 218 нь хүчин төгөлдөр байгаа аж.
Тиймээс одоо боловсруулах хөгжлийн баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжлэгийг авсан байх ёстой гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэ хүрээнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогуудын хоорондын уялдааг хангах, салбарын бодлогуудыг цэгцлэх, давхардал, хийдлийг арилгах, бодлогуудыг нэгтгэн оновчтой бүтцээр уялдуулах, хэрэгжих механизмыг тодорхой болгох, гадаад, дотоод орчны өнөөгийн нөхцөл байдалд системтэй дүн шинжилгээ хийж бодлогодоо тусгах, нийгмийн дундаж давхарга руу чиглэсэн тодорхой, цогц бодлогыг цаг алдалгүй боловсруулах тал дээр ажлын хэсгийнхэн онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Олон улсын туршлагыг ч ажлын хэсгийнхэн давхар судлаж байгаа бөгөөд ОХУ, БНАХУ, БНСУ, БНКУ-ын зарим жишээг хурлын үеэр хөндсөн юм. БНСУ-ын хувьд 1999 онд “Алсын хараа 2025” хөгжлийн бодлогоо батлуулсан бөгөөд өнөөг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогоо эрчим хүч, ус, далайн эрэг орчмын ус, газар, цаг агаарын өөрчлөлт, тээвэр, зөрчлийн менежментийг голчлон авч үзэн таван үндсэн чиглэл, хэрэгжүүлэх 48 зорилт, 224 тухайлсан зорилттой боловсруулжээ.
БНКУ-ын хувьд “Казахстаны хөгжлийн стратеги 2050” хөгжлийн бодлогоо одоо хэрэгжүүлж байгаа бөгөөд “Казахстан улс 2050 он гэхэд дэлхийн тэргүүлэх 30 улсын нэг болно” гэдэг зорилт уг бодлогод туссан байдаг аж. Монгол Улсын цаашдын хөгжлийн үндсийг “Сайн төр, Монгол хүн, Монголын баялаг” хэмээн тодорхойлж, “Нэгдмэл зорилготой Монгол Улс” гэсэн үзэл баримтлалаар олон тулгуурт хөгжлийн бодлого боловсруулахаар төсөл боловсруулсан гэдгээ ажлын хэсгийн зүгээс хурлын үеэр танилцуулсан.
Энэ мэтчилэн бүх талын оролцоог хангах зорилготой хэд хэдэн шатны хэлэлцүүлгийг цаашид өрнүүлэх, төлөөллийн зарчмаар нийслэл, хөдөө орон нутгийн иргэдийн саналыг авахаар ажлын хэсгийнхэн төлөвлөжээ.
Ажлын хэсгийн анхны хуралдаанаас салбар дундын болон салбар хоорондын бодлогын зохицуулалтын асуудлыг хариуцах “Үндэсний үнэт зүйл”, “Хүн ба нийгэм”, “Эдийн засаг”, “Байгаль орчин”, “Үндэсний аюулгүй байдал”, “Засаглал” гэсэн 6 дэд ажлын хэсгийг байгуулахаар болов. Мөн салбар бүрийн цаашдын хөгжлийн төсөөллийг ЗГ-ын яам бүр яаралтай боловсруулж, эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгосон юм. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг 2019 оны 11 дүгээр сард ажлын хэсгийнхэн Засгийн газарт танилцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.