Өнөөдөр (2017.04.28) үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд “манай улсын 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байршиж байгаа” гэсэн мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Энэхүү асуулгын хариу мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал хариулт өглөө.
Х.Энхжаргал:
– Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдчихоод байна. Эдгээр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. АТГ тэднээс байцаалт авсан. Зарим нь бизнес хийх зорилгоор оффшор бүсийг сонирхсон байна. Зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэх асуудал нь тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүн оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын асуулгын хариуг нийтэлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Д.ХАЛИУН