Өнгөрөгч бямба гаригт (2019.05.11) Норвеги улсад жуулчдын нүдэн дээр цагаан баавгай буудаж хөнөөсөн хэрэг олон хүний сэтгэлийг сэртхийлгэлээ. Тус улсын хойд хэсэг буюу арктикийн бүсийг үзэж сонирхохоор ирсэн 150 гадаадын жуулчныг тээвэрлэсэн задгай хөлөг онгоцны хамгаалагч нь энэ хэргийг үйлджээ.

Учир нь онгоц далайн эргээс яг хөдлөх гэж байх үед уг азгүй баавгай гэнэт гараад ирсэн бөгөөд өөрийг нь онгоцноос холдуулах гэсэн хоёр хамгаалагчийн нэг рүү нь дайрч гэмтээсэн байна. Ингээд арга ядсан хоёр дахь хамгаалагч нь догширч уурласан цагаан баавгайг буудаж хөнөөсөн аж.

Цагаан баавгай манай дэлхий дээр хамгийн их ховордсон амьтны тоонд зүй ёсоор орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хойд туйлд 25 мянган цагаан баавгай амьд үлдсэн бөгөөд олон зуун жилийн өмнө энэ тоо хэдэн зүун мянгаар тоологддог байсан гэнэ.

Хэдийгээр жуулчдын аюулгүй байдлыг хангаж, өөрийн хамтран зүтгэгчийн амь насыг хамгаалахын тулд хийсэн хэрэг хэмээн үзэж болох ч амгалан тайван амьдралтай, амьтны эрхийг дээдлэн хүндэлдэг олон норвеги хүн энэ үйл явдлыг ихэд цочирдон хүлээн авсан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Энэхүү хэрэгт ихэд харамсаж, бас шүүмжлэлтэй хандаж байгаагаа дэлхийн байгаль хамгаалагч төрийн бус байгууллагууд илэрхийлж эхэлжээ.  Цагаан баавгай их өлссөн, бас уурласан тохиолдолд хүн рүү дайрдаг болохоос уг нь бол маш тайван амьтан гэж судлаачид үздэг. Шархадсан хамгаалагч толгойдоо хүндэвтэр гэмтэл авсан тул орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Эх сурвалж: Ibanplastic

By updown

One thought on “Цагаан баавгайг жуулчдын нүдэн дээр бууджээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн