“Жайка”-гаас Монгол Улс дахь авто ослын тоог бууруулах төслийг эхлүүллээ. Монгол Улсад жилд дунджаар 500-600 хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна.
Зөвхөн өнгөрөгч жил буюу 2018 онд 5323 хүн зам тээврийн осолд өртсөнөөс 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алджээ. Энэхүү тоо нь Японд зам тээврийн дайн гэж хэлэгдэж байсан 1970-аад оны зам тээврийн ослын улмаас амиа алдсан тоон үзүүлэлттэй адил түвшинд байгаа юм.
Тэгвэл ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг уриалсан төслийг “Жайка” олон улсын байгууллагаас эхлүүллээ. Төсөл наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Энэхүү төслийн гүйцэтгэгч нь Монгол Контент компани бөгөөд төслийн хүрээнд зургаан удаагийн зурган өгүүллэгийг олон нийтийн хүртээл болгохын зэрэгцээ шинэхэн дууг “төрүүлэх” юм байна. Дуу нь хэдийнээ зохиогдож, дуучин нь дуулсан бөгөөд клип хийгдсэний дараа олны хүртээл болно.
Та бүхэнд төслийн эхний контент болох зурган өгүүллийг үзүүлж байна.