УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонсох байсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг хойшлууллаа.
Учир нь Ажлын хэсгийн тайлан, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай байнгын хорооны гишүүд танилцаж амжаагүй аж. Гэтэл энэ материалыг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид хүргэгдсэн асуудал яригдаж байна.
Оюутолгой компаниас Эдийн засгийн байнгын хороонд тайлбар ирсэн нь Ажлын хэсгийн дүгнэлтийг хэн Оюутолгойд түрүүлж өгсөн бэ гэдэг асуудлыг ярихад хүргэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тодруулахад:
-Өнгөрсөн орой гишүүд бид Ажлын хэсгийн гаргасан санал, зөвлөмж, дүгнэлтийг авсан юм. Санал, зөвлөмж, дүгнэлт дөнгөж бидний гар дээр ирэх мөчид Оюутолгой компаниас хариу тайлбарууд ирсэн байна. Монгол төрийн бодлого гэдэг бол Ажлын хэсгийн санал, зөвлөмж, дүгнэлт, байнгын хороод болон УИХ-аас гарах шийдвэр, тогтоол байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүдийн гар дээр ирээгүй материал Оюутолгой компани дээр очигдоод, тэрэн дээр нь нөгөө компани нь хагас, бүтэн сайнжингаа сууж байгаад хариу тайлбарыг өгөөд, бидний хэл үгийг бэлдэж өгнө гэж байж болохгүй. Энэ бол маш том процессын алдаа. Ажлын хэсгийн зөвлөмж, санал дүгнэлт, аудитаас хийгдсэн дүгнэлт зэрэг нь бүгд нууцын тамгатайгаар орж ирсэн. Оюутолгой компанийн зүгээс “Та бүхэн гэрээндээ өөрчлөлт оруулах гэж байгаа бол бид нар эсрэг байр суурьтай байна. Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа гэлээ.
Мөн түүний хэлснээр дээрх материалуудыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өөрсдөө өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш албан ёсоор бичгээр хүргүүлж танилцуулаад гардуулж өгсөн гэжээ. Тэгэхээр байнгын хорооноос ийм процессын алдаа гаргажээ.
Ингээд УИХ-ын Ажлын хэсгийнхний мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжлээ.
Ийнхүү хуувариас хасагдаж буй уг асуудлыг гишүүд тараагдсан материалуудтай бүрэн танилцах хүртэл хойшлуулахаар боллоо.