Бүгд Найрамдах Нижер Улсын нийслэл Ниамей хотод нефть тээвэрлэгч дэлбэрсний улмаас наад зах нь 55 хүн амиа алдсан тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Амиа алдагсдын зарим нь тээврийн хэрэгслийг осолдсоны дараа гоожиж буй шатахуунаас тосохыг оролдож байжээ. Үүний зэрэгцээ уг дэлбэрэлтийн улмаас 37 хүн гэмтсэн бөгөөд зарим хүний биеийн байдал тун хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Нижерийн Ерөнхийлөгч Иссуфу Махамаду, Дотоод хэргийн сайд Мохамед Базум нар ослын газарт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Мөн тэд гэмтсэн хүмүүсийг хүргэсэн эмнэлэгт очжээ.
И.Махамаду амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, гэмтсэн хүмүүст хурдан тэнхрэхийг хүссэн байна.
Нижерт нефть тээвэрлэгчийн осол түгээмэл гардаг бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард ачаалал ихтэй зам дээр нефть тээвэрлэгч осолдож, шатахуун асгарсны улмаас 20 автомашин, 4 мотоцикл шатжээ.