Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгчээ.
Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын лаборторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа өөрийн эх орондоо амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллаж байгаа аж. Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа ийнхүү амжилттай зохион байгуулжээ.