Frustrated schoolboy in front of blackboard

Хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг хэцүү. Эцэг эхчүүл бид нар үр хүүхдээ эрүүл, жаргалтай амьдруулахыг л хүсдэг, үүнийхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй. Гэсэн хэдий ч бидний энэ хайрын сэтгэл, эсрэгээрээ хүүхдэд маань хор болох нь бий. Бидний гаргадаг түгээмэл алдаа бол үр хүүхдээ онц дүн авахад баярлаж, дандаа амжилт гаргаасай гэж хүсдэг, цаашлаад шаарддаг явдал юм.

Хүүхдүүд өрсөлдөөнд тийм ч дуртай биш, Бид өөрсдийн хүүхдээ бусдаас илүү байгаад баярладаг, харин та хүүхдээ баярлаж байгаа эсэхийг анзаараад үзээрэй.

Сайн гэсэн болгоныг хүүхдэдээ

Үр хүүхдээ сайн яваасай гэж боддоггүй нэгээхэн ч эцэг эх үгүй биз ээ. Бид боломжийнхоо хэрээр хүүхдээ үнэтэй дамжаа, дугуйланд явуулж, спортоор хичээллүүлж, хамгийн сайн боловсролыг олгохыг л эрмэлздэг. Эцэг эх бид өөрийн хүүхдээ хамгаас ухаантай, хамгаас спортлог, урлагийн мэдрэмжтэй, хамгийн хамгийн хамгийн сайн нь л болгохыг хүсдэг. Гол алдаа нь хаана байна вэ гэвэл энэ бүгдээс хүүхэд залхчихдаг. Ялангуяа бусад хүүхдээс илүү гаргах гэсэн сонирхол тун хортой.

Болд, Бат 2 хамтдаа төгөлдөр хуурын дугуйланд явдаг, хичээлдээ дуртай. Бат ангийнхаа хамгийн шилдэг сурагч нь. Харин Болдын аав хүүхдээ Батаас илүү гаргахын тулд нэмэлт цагаар хичээллүүлж, гэртээ байнга төгөлдөр хуураа давтахыг шаардаж, Батаас илүү гэдгийг нь батлахын тулд хийлийн сургалтад явуулжээ. Харин үр дүнд нь Болд насанд хүрмэгцээ дахин хэзээ ч төгөлдөр хуурт гар хүрээгүй байна.

Эцэг эхчүүдийн хоорондын чимээгүй “дайн”

Бид хүүхдээ загнахдаа чи тэрний хүүхдийг хар, тийм мундаг,өөрийгөө хар иймхэн ч зүйл чадахгүй гэх мэтээр нэгэнтэй харьцуулж байдаг. Энэ бол маш буруу зүйл бөгөөд таны өөрийн чинь хандлагад ч “но” байгааг илэрхийлж байгаа юм. Яагаад бид чухам өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө хүүхдийг бусдын хүүхэдтэй харьцуулдаг вэ гэвэл хүүхэд бол бидний хүмүүжлийн, өөрсдийн байгаа байдлын минь бүтээл. Тийм учраас хэн нэгэн таны хүүхдийн талаар онцгүй зүйл хэлбэл та шууд өөр дээрээ тусган авдаг, зөрүүлээд эцэг эхийг нь хүүхдээр нь дүгнэх хандлагатай болчихдог гэсэн үг. Тиймээс та хүүхдээ хэн нэгэнтэй жишиж байна гэдэг нь далд ухамсартаа тэр хүүхдийн эцэг эхтэй өрсөлдөөд байна л гэсэн үг. Харин таны энэ өрсөлдөөн хүүхдийг тань атаархуу, амиа хичээсэн нэгэн болгох магадлалтай.

За тэгээд хэн нэгэн танд хүүхдээ магтаад ярьчихвал заавал тэр хүний хүүхдээс илүү гаргах гээд л үзэж тарна даа. Тэгээд өөр дээрээ бурууг тохно. “Би л тэр сургалтанд яв гэхэд нь явуулах байсан юм.” “Би л хүүхдэдээ цаг бага зарцуулснаас боллоо” гэх мэтээр. Ингээд хүүхэддээ өнөөх дааж давшгүй ачааг тохож өгнө дөө. Энэ нь бидний сэтгэлзүйн шинж бөгөөд бөгөөд хүүхэд тань амжилт гаргаж байвал өөрсдийн эцэг эхийн үүргээ сайн гүйцэтгэж байна гэж тархи хүлээн авдагтай холбоотой юм. Та энэ бүгдийг хүүхдийнхээ төлөө л хийж байна гэж бодож байтал яг үнэндээ өөрийгөө тайвшруулах, амбицаа хооллох л үйлдэл хийсэн байх нь.

Та бидний хүүхдэдээ учруулж буй дарамттай, дарамтгүй өсөж том болохдоо хүүхэд сэтгэлзүй болоод бие махбодын том даваануудыг гэтлэх хэрэгтэй болдог. Яг үнэндээ үр хүүхэд чинь танд хамгаас хайртай учраас тэр том ачааг дуртай дургүй үүрэхээс өөр аргагүй болдог.

Онц авбал аав нь баярлана гэж бодсон болохоор л таны хүүхэд хичээлдээ хичээж, хичнээн өөрөө дургүй байсан ч таны яв гэсэн дугуйланд явж байгаа. Учир нь тэдэнд таны анхаарал, магтаал, өөрт нь хайртай гэдгээ мэдрүүлэх л юу юунаас чухал.

Энэ тэгээд юу нь буруу юм бэ гэж та бодож магадгүй, гэхдээ иймэрхүү тохиолдлууд хүүхдийг өөртөө итгэлгүй болгож, өөрийнхөө дуртай, авьяастай зүйлийг олж нээх боломжийг хаадаг. Хүүхэд тань өөрийгөө сонсохын оронд бусдын таалалд нийцэх гэж хичээдэг, шийдвэр гаргахаас айдаг нэгэн болж төлөвшихийг та хүсэхгүй л болов уу.

Тэд алдах эрхтэй, та ч бас алдах эрхтэй

“Гурван настай байхдаа би өөрийгөө боль гэдэг нэртэй юм болов уу л гэж боддог байлаа.” Энэ онигоо хэдий ч нэг төрлийн эмгэнэл юм. Мэдээж энэ бол тэдний аюулгүй байдлыг хангаж буй жам ёсны үйлдэл ч заримдаа бид үүнийгээ хэтрүүлэх гээд байдаг талтай. Алдаа гаргах болгонд нь хүүхдээ чичилж, өвсөнд боож, өөхөнд өлгийдөж, замыг нь засаж өгснөө та хүүхдийнхээ ирээдүйн өмнө нүгэл хийж байна аа л гэж ойлгох хэрэгтэй. Бид унаад босох тоолондоо илүү хүчтэй болж байдаг. Тэдэнд алдаа хийх боломжийг нь өг. Тэгж байж л үр хүүхдүүд маань насанд хүрээд ямар ч бэрхшээлийг давдаг, шүд зуугаад босч ирэх чадалтай болно.

Бэлтгэсэн цаг төр онлайн сэтгүүл

Эх сурвалж: Lifehack,org

 

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Хүүхэд өсгөнө гэдэг тамын ажил”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн