Александр Дюма бүтээмж сайтай, амжилттай зохиолч байв. Түүний романыг дэлхийн бүх улсад үеэс үе дамжин уншиж ирсэн гэхэд болно. Тэгвэл тэр зохиол бүтээлүүдийнхээ санааг хаанаас авдаг байсан бол?
Өөрийнх нь хэлснээр бол Дюма романыг гол үндсийг түүхэн бичвэр, архив, дурсамжуудаас олж авдаг байжээ. Ингээд үүнийг багагүй уран дүрслэлд оруулж, энгийн нэгэн үйл явдлыг олны сонирхлыг татсан өгүүлэмжтэй болгодог байв.
Роман бүтсэн түүх
“Монте Кристо гүн” ч энэ маягаар бүтсэн юм. Дюма цагдаагийн архиваас нэгэн гэмт хэргийн түүхийг олж уншжээ. Ингээд шинэ романыхаа гол үндсийг гарган авсан байна. Монте-Кристо хэмээх нэр нь Газар дундын тэнгист орших нэгэн арлын нэр юм. Дюма энэ хэсгээр аялж байхдаа аралд том томшгүй их алт эрдэнэс булаастай байгаа гэсэн нутгийн домгийг олж сонсчээ. Ингээд арлын нэр, эрдэнэсийн тухай домгийг үйл явдалтайгаа холбож өгсөн байна.
Энэ роман Дюмагийн бүтээлүүд дотроос магадгүй хамгийн амжилттай зохиол болсон гэж үзэж болно. Уг зохиолыг хэд хэдэн удаа дэлгэцийн бүтээл болгож, театр, телевизийн жүжиг тавьж, үргэлжлэлийг нь болон дууриамал зүйлс ч бичиж байсан юм. Тиймээс ном уншдаг хүмүүс дотор Монте Кристо гүнг мэдэхгүй хүн тун ховор.
Романы үйл явдал
Залуу далайчин Дантес хов мэдээгээр цайзад бүх насаараа хоригддог. Хэрвээ түүний азгүйдлийн хөрш нь Фариа ламтан байгаагүй бол Дантес магадгүй галзуураад үхэх байсан биз. Гэвч ламтан түүнд итгэл найдвар суулгаж өгдөг.
Дантес цайзад 14 жилийг өнгөрөөгөөд дараа нь оргодог билээ. Энэ хугацаанд ламтан залуу хүүд шинжлэх ухаан, түүх, соёлын салбарын өргөн их мэдлэгээ хуваалцдаг. Тиймээс цайзаас боловсролгүй далайчин бус, боловсорсон, бараг гэгээрсэн хүн гарч ирдэг. Энэ нь түүнийг гүнгийн зэрэгтэй явах боломж олгодог.
Түүнчлэн ламтан логик сэтгэлгээ, дэлгэрэнгүй асуултаараа Дантесыг хэн ховлосон, яагаад гэдгийн үнэн мөнийг олж ухаж өгч чаддаг. Ингээд үхэхийнхээ өмнө түүнд нуугдсан алт эрдэнэсээ зааж өгдөг.
Ийнхүү Дантес эрх чөлөөтэй, баян, хэнээс ч үл хамаарах, мэдлэгээр зэвсэглэсэн нэгэн болж, дайснуудаасаа өс хонзонгоо авч эхэлдэг билээ.
“Гүн”-гийн жинхэнэ түүх
Харин энэ үйл явдлын бодит түүх нь тийм ч гоё, толгой эргүүлэм биш. Хэдийгээр Дюма үнэнээс багагүй гажуудуулсан ч үйл явдал яг л цагдаагийн түүх дээрх шиг өрнөжээ. Үүн дээр зөвхөн адал явдлаар баяжуулсан гоёмсог деталиудыг л оруулж өгсөн байдаг.
Франсуа Пико хэмээх тийм ч баян бус гуталчин байжээ. Тэрээр сүйт бүсгүйтэй, түүнтэйгээ удахгүй гэрлэх гэж байжээ. Гэвч хөөрхий Пикод аз дайрсангүй. Түүний танил Луппиан хэмээх буурчийн газрын эзэн түүний сүйт бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг байжээ. Ингээд буурчийн газрын эзэн болон түүний гурван найз Пиког Наполеоны эсрэг тагнуул хийж байсан гэх худал мэдээллийг хүргэжээ. Залуу хүү ингээд 7 жил цайзад хоригдох болов. Хүү тэнд санваартантай хамт хоригдож, тэр нь түүнд мөнгөтэй нууц газар гэрээсэлж үлдээжээ. Прелат үхэж, харин Пико эрх чөлөөтэй болов. Учир нь Наполеоныг түлхэн унагаж, хоригдлуудыг чөлөөлсөн байна.
Номон дээр гардаг гүнг бодвол Пико гялалзсан, боловсорсон хүн болоогүй, гагцхүү өс хонзон авахыг санаархсан субъект л болон хувирсан юм. Ингээд өөрийг нь баривчилсан үнэн учрыг өөрөө олж мэдэхээс өөр аргагүй болсон. Өв залгамжлах эрхтэй болоод өвлүүлсэн мөнгийг нь авмагцаа Пико Аллю хэмээх нэртэй хуучин найзаа олж авсан байдаг. Камерт хамт байсан нэгэн нөхөр нь болж авсан тэрээр Франсуа гянданд үхсэн гэж худал хэлээд шигтгээтэй бөгж бэлэглэж, үнэн учрыг нь сонсчээ. Аллю ч найзыгаа таниагүй болохоор хэн яагаад хов бүхий захиа бичсэн талаар бүгдийг нь ярьж өгчээ.
Пико дараа нь Луппианы эзэмшдэг үнэтэй ресторанд орсон байна. Пикогийн сүйт бүсгүй хоёр жил хүлээгээд Луппиантай гэрлэжээ. Удалгүй хов бүхий захиа бичсэн хүмүүсийн нэг нь хутгалуулж нас нөгчсөн байдалтайгаар олдсон бол хоёр дахийг нь хордуулж алжээ. Ресторан шатаж, урвагчийн охин буруу замаар орж, хүүг нь хулгайн бүлэглэлд татан оруулж, удалгүй олон жилээр шоронд явуулжээ. Сүйт бүсгүй байсан эмэгтэй нь зовлон шаналлаасаа болж нас нөгчиж, хэсэг хугацааны дараа Луппианы хоолойг хэрчсэн байдаг.
Үүгээр түүх дууссангүй. Аллю дараа нь авсан шигтгээтэй бөгжөө зарж, дараа нь худалдан авагчийг нь хөнөөж, мөнгө, бөгжтэйгөө зугтдаг. Үүний зэрэгцээ тэр Пиког үхээгүй, энэ бүх үхэл зовлонг зохион байгуулсан гэдгийг таамагласан байдаг. Аллю эртний найзаа мөрдөж, түүний эрдэнэсээ нуусан подвалыг олж авч чаджээ. Гэвч хоригдол байсан найз нь юу ч хэлэлгүй, амиа алджээ. Алуурчин эр Англи руу зугтаж, үхэхийнхээ өмнө энэ хачирхалтай түүхээ сүмийн гэгээнтэнд ярьж өгчээ. Гэгээнтэн энэ бүгдийг бичин авч Францад илгээсэн байна. Түүхч Жак Пёше хожим нь энэхүү баримтыг цагдаагийн архиваас олж, нийтэлжээ. Харин Дюма энэ түүхийг уншаад, романыхаа эх үүсвэрийг бичсэн байна.
Дюмагийн хувьд буруутай баатрууд нь шийтгэл амссан ч засрах боломжоо авч гардаг. Хамгийн муу муухай юм хүмүүс нь л амиа алддаг. Харин гол мэдээлэгчийн охин, хүү гээд үлдсэн хүмүүс амьд, эрх чөлөөтэй үлдэж, Монте Кристо гүн буруугүй хүмүүст өршөөл нигүүлсэл үзүүлдэг. Түүний хуучин сүйт бүсгүй ч амьд үлддэг билээ. Харин гүн өс хонзондоо ханаж, аз жаргалтайгаар хувийн амьдралаа эхлүүлдэг.
Дашрамд дурдахад Франсуа Пикогийн түүх 100 хувь үнэн гэсэн судлаачийн дүгнэлт байдаггүй аж.
Эх сурвалж: kulturologia.ru