Мэргэжлийн уран бүтээлчид “тоглолт хийхээр” АНУ-ыг зорьж буй бол В ангиллын визээр явж болохгүй. Үүнд тайз болон киноны жүжигчид, хөгжимчид, дуучид, бүжигчид, түүнчлэн нүүр хувиргагч, зураглаач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг туслах ажилтнууд багтана. “Тоглолт хийнэ” гэдэг нь урлаг, уран сайхны мэргэжлийн аливаа тоглолт хийхийг хэлнэ.
Урлаг, уран сайхны мэргэжилтэй аливаа хүн АНУ руу В ангиллын визээр зорчсон тохиолдолд санхүүжилтын хэмжээ болон эх үүсвэрээс үл хамааран, түүнчлэн АНУ дахь төрийн бус байгууллага эсвэл үндэсний соёлын арга хэмжээндээ ч хандивын тоглолт хийх нь хориотой.
АНУ-д аливаа тоглолт хийхийн тулд зохих төрлийн виз мэдүүлнэ. Хамгийн нийтлэг визний ангилал нь Р-1 болон Р-3 юм.
Тоглолтын виз мэдүүлэхийн тулд эхлээд АНУ дахь холбогдох хувь хүн, байгууллага нь I-129 Petition for Non-Immigrant Worker өргөдлийг United States Citizenship and Immigration Service (USCIS) буюу АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Албанд гаргана. АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Албанаас уг өргөдлийг баталсан тохиолдолд тоглолтын визээ мэдүүлж болно.
I-129 өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэлээд хугацаа шаардагдах тул аль болох эрт төлөвлөх хэрэгтэй. АНУ-д тоглолт хийж буй багийн бүх гишүүд АНУ-ын татвар төлөх ёстойг анхаарна уу.
Урлаг, уран сайхны мэргэжилтэй хүмүүс В ангиллын визээр тоглолт хийх гурван (3) онцгой тохиолдол бий:
Тохиолдол # 1: Соёлын арга хэмжээнд оролцох
Дор дурдсан гурван нөхцөлийг бүгдийг хангасан тохиолдолд В-1 ангиллын визээр тоглолт хийж болно.
- Өөрийн улсын засгийн газраас зохион байгуулж буй соёлын хөтөлбөрт оролцох
- Үнэ төлбөргүй тоглолт хийх
- Аяллын зардал, томилолтын мөнгө зэрэг холбогдох бүх зардлыг тухайн засгийн газар нь төлөх
Тохиолдол # 2: Олон улсын уралдаанд оролцох
Шагналаас өөр аливаа урамшуулалгүй (мөнгөн болон бусад) болон зардлаа даалгахгүй уралдаан, тэмцээнд оролцох тохиолдолд В-1 визээр зорчиж болно.
Тохиолдол # 3: Дуу бичлэгийн студи ашиглах
Доорх хоёр нөхцөлийг хоёуланг нь хангаж буй тохиолдолд В-1 визээр зорчиж дуу бичлэгийн студи ашиглаж болно.
- Тухайн хийх бичлэгийг АНУ-аас гадна тарааж борлуулах.
- АНУ-д тоглолт хийхгүй.
Виз мэдүүлэгчид нь АНУ-ын виз болон цагаачлалын хуулийг мэдэх болон даган мөрдөх үүрэгтэй.
АНУ-ын визийг хуулийн дагуу ашиглаагүй тохиолдолд визийг нь цуцалж, дахин виз олгохгүй байх үр дагавартай.
Хуурамч бичиг баримт үйлддэг, өөрсдийгөө АНУ-ын засгийн газраар зөвшөөрөгдсөн, эсвэл хамтран ажилладаг гэх виз зуучлагчдаас болгоомжлохыг тус ЭСЯ-ны зүгээс олон нийтэд анхааруулж байна.