УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулж буй шинэ намд элсэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас туурга тусгаарлаж, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу ШИНЭ нам байгуулахаар болж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр нэрээ өгөөд байгаа.
ШИНЭ намд нэгдэж буй УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс Шударга зөв гишүүдтэйгээ нэгдэж нийлээч гэсэн санал ирсэн. Ганц мод гал болдоггүй, Ганц хүн айл болдоггүй гэдэг шиг өнгөрсөн хугацаанд маш их ганцаардлыг амслаа. Тиймээс улстөрийн ганцаардлаас гарахаар шийдлээ. Улстөрд ганцаардал гэдэг бол маш хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа энэ хоёр гишүүн надад удаа дараа санал тавьсаны дагуу удаан бодож тунгаасны эцэст энэ хоёр гишүүн дээрээ нэгдээд нэг хоёрын, гурав аа гэдэг шиг тулгын гурван чулуу болж, үнэний галыг бадраая гэсэн зориг шулуудаж, хамтарч ажиллахаар боллоо. Ингээд би Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намд уриа, туг, дуудлага, хурай болж нэгдэж байгаагаа зарлаж байна” гэлээ.