Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр тус зөвлөлийн ажиллах шинэ нэмэлт зохицуулалтын тухай болон сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг зохицуулан шийдвэрлэх боломжийн талаар өнөөдөр (2019.05.02) танилцууллаа.
Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан сэтгүүлчдийн дагаж мөрддөг есөн заалт байдаг. Тэгвэл уг заалтад сонгуулийн үеэр хэрхэн ажиллах тухай нэг шинэ заалтыг нэмж оруулан нийт арван заалттай болж байна.
2020 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн үеэр сонгуулийн кампанит ажил болон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, өндөр шаардлага тавигддаг. Сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь сэтгүүлчдийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр дундаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн “дайн”-ы үед ч мөрдөгдөж байх учиртай.
Сүүлийн сонгуулиудын сурталчилгааны кампанит ажлын мониторингийг хийсэн ажиглагчид хэлэхдээ хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэн хэлсэн. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм юм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн дайны үед ч гэсэн мөрдөгдөж байх учиртай.
Тиймээс хэвлэл мэдээллийн зөвлөл нь гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө буюу сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг хийлээ” гэв.
Шинэ заалтад “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэж тусгажаа. Ингэснээр Монголын сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим 10 заалттай боллоо.
Мэдээлэл түгээж байгаа талбараас буюу уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээг үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх ёстой гэдгийг Хэвлэл, мэдээллийн зөвлөл мэдээллийнхээ үеэр онцолж байлаа.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим:
- Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
- Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
- Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.
- Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
- Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.
- Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана
- Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
- Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
- Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.
- Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ.