Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдож байна. Уг тэмцээнээс Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпын наадмын анхны эрхийг Монголын буудлага спортын шигшээ багийн тамирчин, спортын мастер Ц.Анударь авлаа.
Тэрээр хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 578 оноогоор МУ-ын рекорд тогтоож, ОУХМ цолны болзол ханган, тус тэмцээнд тавдугаар байрт орсноор олимпийн наадмын эрхтэй боллоо. Харин манай бусад тамирчид үлдсэн өдрүүдэд өөрсдийн төрөлдөө Олимпын наадмын эрхийн төлөө цэц мэргэнээ сорьцгоох юм.
Дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 20-29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Дашрамд сонирхуулахад, Цолмонбаатарын Анударь нь 2015 онд залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль, 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медаль гэх мэтээр олон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа ирээдүйтэй тамирчин байна.
Монголын буудлага спортын шигшээ багаас төрөн гарч буй шинэхэн од тэрээр ШУТИС-ийг төгссөн ба буудлагын спортоор тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нарын тамирчдын араас хүч түрэн түүчээлэн гарч ирж буй чадварлаг тамирчин гэдгээ энэ удаагийн тэмцээнээр ийнхүү батлан харууллаа.
Түүний цахим хуудаснаа сийрүүлсэн сэтгэгдлээс цухас сонирхуулваас “Би ганц л юмыг яс, махандаа тултал ойлгосон, хичээ, зүтгэ, ялалтын төлөө. Замд чинь олон янзын хүмүүс тааралдана. Чамд хайртай нь хажууд чинь үлддэг болохоор өнгөрөөд явсан хүний төлөө инээмсэглээд өнгөрөө. Дараа нь тэрнээс илүү хүн чамтай таарна. Яагаад гэвэл тэр чамд хайртай, бас хажууд чинь яалалтанд чинь баярлаад зогсож байна” хэмээжээ.