Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсч байгааг хуулийн байгууллагууд анхааруулж байна. Үүнтэй зэрэгцэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын нас ч эрс залуужсаар байна.
Хар тамхины хэрэгт холбогдогчдийн 85-90 хувь нь 18-30 насны залуучууд. Өнгөрсөн онд насанд хүрээгүй найман хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсоны хамгийн бага нь 13 настай байжээ. Ид ажиллаж, хөдөлмөрлөх насны залуучууд, насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийн тухай ойлголт муу, үүнээс гарах үр дагавар, хор уршгийн тухай мэдээлэл хомс байгаатай холбоотой юм.
Мэргэжлийн байгууллагууд судалгаа явуулж үзэхэд өсвөр насны хүүхэд болон оюутнууд найз нөхдийн хүрээнд сонирхох, өөрсдийгөө бусдад том харагдуулах үүднээс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж үзсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
2019 он гарснаас хойш хуулийн байгууллага 59 холбогдогч бүхий 24 хэргийг шалгаж байгаа гэнэ.
Хар тамхи, мансууруулах бодис хүний сэтгэц, эрүүл мэндэд ийм нөлөө үзүүлдэг
Хар тамхи хэрэглэсэн хүн эрүүл мэндийн хувьд маш хүнд байдалд ордог. Нөлөөлөхгүй эрхтэн гэж байдаггүй. Нэн түрүүнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхлэхээр нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгнө. Дараа нь сэтгэцийн өөрчлөлттэй болдог.
Сэтгэц нь хар тамхи хэрэглэхийг үгүйлж эхэлдэг. Дараа нь бие нь хамааралд ордог. Ажил, хичээл гээд хийж байгаа үйлдэлдээ төвлөрч удаан хугацаагаар сууж чаддаггүй. Тэр бодисоо хэрэглэхгүй л бол уналт, таталт өгөх гэдэг.
Мансуурдаг зүйлээ хэрэглэхгүй л бол амьсгалын зам нь боогдоно. Дон гэдэг өвчин эндээс эхэлдэг байна. Мөн хүний тархи, сэтгэцэд нөлөөлж, сэтгэцийн олон төрлийн өвчин үүсгэдэг.
Улмаар хар тамхи хэрэглэсэн ч, хэрэглээгүй ч аль ч цаг үед тухайн хүн тэнцвэрээ алддаг. Яг л согтуу хүн шиг гуйвж дайвж явна. Ийм шатанд ирэх үед таван цул эрхтэн гэмтэж эхэлдэг байна. Маш хортой бодис учраас элэг цэвэршүүлэх үүргээ гүйцэтгэх чадвараа алддаг.
Ийм тохиолдолд элэгний хорт хавдар, цероз үүсдэг. Мөн зүрхэнд ачаалал өгч, зүрхний шигдээс болох, шууд хаагдах хорт үр дагавартай. Мөн арьсан дээр янз бүрийн толбо гардаг. Тэр нь огт арилахгүй. Ямар ч тос түрхэж, эм уугаад арилдаггүй байна.
Тиймээс хар тамхийг хар тахал хэмээн нэрэлдэг байна.
Хар тамхи хэрэглэгчдийн фото