Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тодруулбал тэрээр Монгол улс дахь Японы элчин сайдын яамаар дамжуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн байна. Гэхдээ уг хүсэлтийг шийдвэрлэх үйл явц нь тодорхой хуулийн зохицуулалттай тул одоогоор хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа аж.
Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж буй шалтгаан нь тун энгийн бөгөөд тэрээр Японд сумогийн дэвжээний эзэн болж, цаашид уг спортын хөгжилд хувь нэмрээ оруулан зүтгэхийн тулд Япон улсын иргэн байх дүрэмтэй юм байна.
Харин Монгол Улсын хуулиар давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул тэрээр Японы иргэн болохын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой. Хуулийн дагуу Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ гадаадад байгаа бол тухай улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулдаг бол Монголд байгаа бол НЗДТГ-аар дамжуулж, Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлээд, тэндээс тухайн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлдэг аж. Гэвч одоогоор Гадаадын иргэн харьяатын газарт энэ талаарх хүсэлт ирээгүй байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Хакухо Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн бололтой.
Их аварга 2014 онд 28 дахь түрүүгээ аваад эх орондоо ирэх үедээ иргэншил солих асуудал огт байхгүй, тэр талын дарамт шахалт ч байдаггүй гэсэн тайлбарыг хэвлэлд өгч байсан удаатай. Харин хожим нь Монгол тулгатны 100 эрхэмд оролцсон ярилцлагаас нь харахад тэрээр иргэншлээ солих нь тодорхой болж ирсэн байдаг. Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргаж буйгаа тус нэвтрүүлэгт Асашёорюү Д.Дагвадорж аваргатай зэрэгцэн суугаад хэлж байсан юм. Тэр цагаас ард түмнийхээ сэтгэл зүйг бэлтгэсээр өдгөө ийнхүү Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн бололтой.
Түүнийг 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан ч гэж хэлэлцэж байна. Хакухо М.Даваажаргал иргэншлээ сольж, Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбоонд ажиллах эрхтэй болох юм бол олон Монгол бөхчүүд сумогийн дэвжээг эзэгнэх боломж нээгдэнэ гэж эергээр харах хүн ч бий. Нөгөө талаар Мөнхбат аваргын удам ингээд Монголд үлдэхгүй нь гэж харамсах олон ч байна.
1 comment
Mongol uls ene hund gologdsiim bailguide
Mooeo awarga amid seruun bhad chadahgui bsan ene asuudal odoo garj irne gdg haramsaltail ym