Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарсан талаар бид мэдээлсэн. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарч, дөрвөн хүн амь үрэгдэж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Ослын газар ажилласан ажлын хэсгийнхний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн” гэв. Тодруулбал, 15:30 цагийн орчимд “Түүхий үлдэцийн насосын станц”-ын анхдагч тунгаагчийн лагийн сорох шугамын 250 мм-ийн диаметртэй хоолой болон хаалтад засвар хийх явцад хоолой задарч лаг алдагдан хорт хийнд тус байгууллагын 4 ажилтан хордож, 2-4 метрийн гүнтэй лаг дотор унаж осолдсон байна. Өчигдөр 16:18 цагт Б /36 настай, эрэгтэй/, 16:34 цагт Т /35 настай, эрэгтэй/, 17:09 цагт Б /32 настай, эрэгтэй/, 17:23 цагт А /42 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, ажилтан М, Т, Б, М, Э нарыг Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэжээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Төв цэвэрлэх байгууламж дээр очиж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсгийн тухайд төв цэвэрлэх байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор яаралтай хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судлаж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг тус тус чиглэл болгожээ.
Хотын захирагч талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, осол болсонд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд нийслэлчүүдийг амар тайван, ая тухтай амьдрах нөхцлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан, мөн хамтран зүтгэгчийнхээ амь насыг аврахын төлөө хүн чанар гарган өөрийн амиа алдсан эрэлхэг залуусаар бахархаж байна гэв.
Ослын голомтод Онцгой байдлын байгууллагын 18, Цагдаагийн байгууллагын 26, Шүүхийн шинжилгээний байгууллагын 8, Мэргэжлийн хяналтын байгууллагын 7, Эрүүл мэндийн байгууллагын 9, Барилга, хот байгуулалтын яамны 3, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны 10, Ус сувгийн удирдах газрын 135, нийт 216 хүн ажилласан байна.