Батлан хамгаалах яамны удирдлага, сайдаар томилогдож ирсэн улстөрчидтэй холбоотой хэрэг АТГ болон цагдаагийн байгууллагад нэг биш удаа шалгагдаж байсан. Тэдний цэргийн зэвсэг текник дамлан наймаалсан, Налайх дахь цэргийн зориулалтаар ашиглаж байсан төмөр замыг худалдсан авлига, албан тушаалын шинжтэй хэргүүдийн зарим нь өнөөдөр ч эцэлсэн шийдэгдээгүй. Олны анхаарлын төвд байгаа.
2016 онд гэхэд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун нарын хүмүүсийг БНТУ-аас Монголын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт үзүүлдэг тусламжаас завшсан байж магадгүй гэсэн хэрэгт буруутгагдаж байсан юм.
Батлан хамгаалахын салбарт авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үе үе гардаг. Гэхдээ энэ салбар энэ төрлийн гэмт үйлдлийг нууцлаад, хаацайлаад өнгөрдөг гэдгийг мэдэх АТГ өнгөрсөн нэгдүгээр сард Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод зөвлөмж хүргүүлсэн удаатай.
АТГ-ын хяналтаар тус яаманд төрийн нууцад хамаарахгүй бараа, материалыг төрийн нууцад хамааруулан худалдан авдаг зөрчил илэрч байжээ. Гэсэн ч цэргийн салбарынхан зөрчил гаргасан албан тушаалтандаа хариуцлага тооцож чаддаггүйг авлигын гэмт хэргийг шалгадаг байгууллага сануулсан нь энэ.
Мөн тус яам жилдээ олон тэрбумын өртөгтэй худалдан авалт хийх гэрээг, олон арван аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулдаг. Харин гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд нь гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болдог тохиолдол ч гарч байсныг АТГ зөвлөмж мэдэгдэлдээ дурдсан байдаг юм.
Батлан хамгаалах яамны Шилэн данс энэ яам хэзээ, хэнтэй худалдан авалтын харилцаа үүсгээд АТГ-ынхны анхааралд орсон вэ гэдэг асуултад өөрөө хариулаад өгнө.
Энэ бол яамны Шилэн дансны мэдээллийн нэг хэсэг. Эдгээр худалдан авалтууд 2018 онд хийгджээ.
Худалдан авалт, тендерийн жагсаалтаас харж байхад хамгийн өндөр үнийн дүнтэй гүйлгээг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Энхийг сахиулагчдын үйл ажиллааны зардал гэсэн тодотголтойгоор хийсэн байх юм. Тухайлбал, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэдэг цэргийн багийн хэрэгцээнд генератор буюу цахилгаан үүсгүүр худалдан авахад 1 тэрбум 148 сая төгрөгийг зарлагдсан байна.
Мөн БНӨСУ-д үүрэг гүйцэтгэдэг Энхийг сахиулагчдын
-хувцасны угаалга цэвэрлэгээний материалд 121 сая,
-цэргийн багийн бичиг хэргийн зардалд 135 сая,
-авто техникийн сэлбэг хэрэгсэлд 50 сая төгрөгийг зарцуулсан байх юм. Үүнээс гадна БХЯ 2018 онд дугуй худалдан авахад 176 сая төгрөгийг заржээ. НҮБ-ийн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй цэргүүд авдаг цалингийнхаа нэлээд өндөр хувийг Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т тушаадаг. Харин тус газрууд төсвийнхөө тодорхой хувь, их хэмжээний мөнгөн дүнтэй зарлагыг Энхийг сахиулагчдын нэрээр гаргадаг ч байж болзошгүй юм.
Ямартай ч АТГ Батлан хамгаалах яамыг салбарын хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийдэг, төсөвт өртгийг олон хэсэг хуваадаг буруу жишигтэй хэмээн буруутгаад байгаа.
Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайланг тодорхой гаргадаггүй. Энэ сангийн төрийн нууцад хамаарахаас бусад санхүүжилт, зардлын тайлан, холбогдох тушаал, шийдвэр, аудитын дүгнэлт, сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй биш байгаа зөрчлийг хянаад эхэлжээ.