Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутаг болон нийслэлийн хэмжээнд гал түймрийн гэмт хэрэг нэлээд гарч байна. Эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 17 түймрийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 12 хэргийн эзэн холбогдогч нь тогтоогджээ. 5 хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Шинээр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ой, хээрийн түймэр тавьсан тохиолдолд хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон байна. Харин түүнээс доош бол Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа аж.
Хэдийгээр мэргэжлийн холбогдох байгууллагуудаас иргэдэд чиглэсэн анхааруулга, сэрэмжлүүлгийг хангалттай өгч байгаа ч иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэйгээр түймэр олон тоогоор гарч байна. Ой, хээрийн түймэр болон зуслангуудад гарсан түймэр бүгд хүний хамааралтай үйлдлээс болж гарчээ. Тухайлбал, орон нутагт хууль бус ангийн зорилгоор зорчих явцдаа иргэдийн өөрсдийн буруугаас, эсвэл тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас түймэр гарч байгаа тул энэ бүгддээ иргэд хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сүүлийн үед гарсан түймрийн шалтгаан нь гагнуур хийж байгаад, арц уугиулж байгаад, мөн үнс нурмаа задгай асгасан зэрэг хүний хайхрамжгүй үйлдлээс болж гал алдан, шар өвсний түймэр дэгдсэн гэсэн тайлбарыг өглөө.
Өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн хэргүүд дээр холбогдох байгууллагуудаас шинжээч томилоод хохирол тогтоох ажиллагаа явагдаж байгаа юм байна. Гоодойн аманд гарсан түймрийн гэм буруутай этгээдийг тогтоогоод мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд хохирлын үнэлгээ гараагүй байгаа гэнэ.