Бичсэн цуврал нийтлэлээсээ болж цагдаа болон шүүхэд дуудагдсан www.Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа шүүхэд баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.
-Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлэх болов?
Эрэн сурвалжлах сурвалжлагчийн хувиар би 2017 оноос Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар найман нийтлэл бэлтгэн, мөн оныхоо 12 дугаар сараас эхлэн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор Стандарт, хэмжил зүйн газраас гаргасан өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас 2018 онд нийт зургаан удаа зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан. Тавд нь зөрчил тогтоогдоогүй. Харин нэгд нь зөрчил гаргасан хэмээн 2018 оны тавдугаар сард манай байгууллагыг буюу www.Dorgio.mn сайтыг 20 сая төгрөгөөр торгосон байсан. Энэ талаар бид Зууны мэдээ сониноос мэдээд 2018 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар анхан шатны шүүхээс манай байгууллагыг торгосон Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчийн шийтгэврийг хүчингүй болгосон. Үүнийг Стандарт, хэмжил зүйн газраас давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан. Харин энэ хэргийг 2019.03.06-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцээд шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хоёр удаа шударгаар шийдсэнд баярлаж байгаа.
-Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх явцад хүндрэл чирэгдэл гаргав уу?
Шүүх худалдагдсан гэсэн яриа олон нийтийн дунд байдаг болохоор шүүх шударгаар шийдэх болов уу яах бол гэсэн эргэлзээ байсан. Мөн хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтны асуудлыг хөндөж тавьсан нийтлэл учраас эрх мэдэлтэй этгээдүүд шүүхэд нөлөөлчих юм биш биз гэсэн айдас ч байсан. Шүүх хуралдааны процессыг хараад шүүгч маань шударга хүн байна гэдгийг ойлгож эргэлзээ маань ариллаа. Мөн өмгөөлөгч маань сайн ажилласан болохоор хүндрэл, чирэгдэлгүй байлаа. Харин шүүхийн ажилтнуудын ачаалал их байдгийг анзаарсан. Үүнээсээ болж шүүхээр үйлчлүүлж байгаа иргэн, шүүхийн ажилтан нарын хооронд буруу зөрүү ойлголт төрдөг юм болов уу гэж бодсон.
Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх явцад шүүхийн байгууллагын алдаанаас бус зөрчлийн хэргийг шалгаж байсан цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдлээс болж удаа дараа шүүх хурал хойшилсон. Хэрвээ цагдаагийн тухайн ажилтан ажлаа сайн хийсэн бол шүүх, манай байгууллага болон бусад хүмүүст ингэж чирэгдэл болж асуудал үүсэхгүй байх байлаа.
-Шүүхийн үйлчилгээний талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?
Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэсэндээ шүүхэд гомдол гаргасан. Энэ итгэл маань ч талаар болсонгүй. Шүүгч хууль дээдэлж зарчмаа баримталж, шударга шийдвэр гаргасанд туйлын их баяртай байна.Сэтгэл зүйн маш их дарамтаас саллаа. Шүүхийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье гэв.
Ж.Энхбаяр