Өнгөрсөн долоо хоногт нийслэлд үлэмж их хэмжээний мөнгөн ус худалдаалахыг завдсан хэргийн талаар бид өмнө нь товч мэдээлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ энэ талаарх албан мэдээллийг өглөө.
Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 95-р тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан гурван бүлэг этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон байна.
Тухайн иргэдийн өөрсдийнх нь хэлсэн үнэлэмжээр 52 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн усыг худалдах гэж байсан гэнэ. Энэ талаар олон нийтийн сүлжээнд тавьсан байсныг мэдээллийнх нь дагуу цагдаагийн байгууллагаас тухайн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хуулийн 24-р зүйлийн 2-т заасан химийн хорт болон аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэх зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
1 савны багтаамж нь 25 кг бүхий 2 сав, бусад нь янз бүрийн хэмжээний савалгаатай байсан мөнгөн усыг битүүмжилсэн аж. 1.5 литрийн багтаамжтай саванд саванд хийсэн мөнгөн ус 20 кг жин татдаг гэсэн тоон баримт байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас мэдээлж буй 74.8 кг мөнгөн усны хэмжээ хэд дахин нэмэгдэх магадлалтай байгаа юм. Тиймээс ямар хэмжээний мөнгөн ус 52 тэрбум төгрөгт хүрэх нь гол асуудал юм. Түүний дараа төдий хэмжээний мөнгөн усыг хаанаас нийлүүлсэн нь бүр ч том асуудал болох учиртай.
Одоогоор оруулж ирсэн эх сурвалжийг нь тогтоохоор мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг бүрэн хориглосон байдаг. Гэвч хууль бусаар ашигт малтмал олборлогчид энэхүү хориотой химийн бодисыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг болох нь Эрүүл мэндийн байгууллагын 2012, 2014 оны “Гар аргаар алт олборлогчдын мөнгөн усны хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөлөл”-ийн судалгаагаар нотлогджээ. Уг судалгааны дүнд гар аргаар алт олборлогчдын цусан дахь мөнгөн усны агууламж 14.3 хувь, шээсэн дэх хувь нь 24.5 байсан нь Монгол Улсын удмын сан, байгаль орчинд ноцтой хор уршиг учруулж болзошгүй хэмжээнд хүрснийг харуулжээ.
Мөн бичил уурхай эрхлэгчид 200 кг мөнгөн ус ашиглаж байгааг өнгөрсөн хоёрдугаар сард БОАЖЯ-наас мэдээлсэн байдаг.
Хамгийн харамсалтай нь ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гэж энэ хорт бодисын тухай багагүй хугацаанд судалсан эрдэмтэн хэлсэн байна. Эндээс мөнгөн усны хор хөнөөл ямар аюултай болох нь илүү тодорхой харагдаж байгаа юм.
Тиймээс энэ үйл ажиллагаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас “Бодис-2019” нэгдсэн арга хэмжээг энэ сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж мэдээллээ.