Этиопын нийслэлээс хөөрөөд удалгүй унасан Boeing 737 Max нисэх онгоцны ослын шалтгааныг шинжлэн шалгасан мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоосн анхны дүгнэлтээ өнөөдөр танилцуулах гэнэ. Гуравдугаар сарын 10-нд болсон энэ ослын үеэр 35 орны 157 хүн амиа алдсан юм.
Агаарын хөлөг Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа осолдсон бөгөөд энэ үед цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан юм. Ослын дараа дэлхий даяар Boeing 737 Max загварын нисэх онгоцныг агаарын тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглож эхэлсэн.
Таван сарын дотор энэ төрлийн нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм. Ослын шалтгааныг танилцуулах хурал Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхлэнэ гэж Этиопийн Зам тээврийн яам мэдээлжээ.
Нисэх онгоцны мэргэжилтнүүд, агаарын тээврийн салбарынхан дараалан гарсан ослуудыг нислэгийн удирдлагын MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) програмтай холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Индонезийн эргийн ойролцоо далайд унасан Lion Air компанийн Boeing 737 Max онгоц ижил төстэй шалтгаанаар осолдсон гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters