Өнгөрсөн Даваа гарагийн орой Бангкокын BTS агаарын метронд зорчиж явсан Словак улсын жуулчны хэтэвчийг хулгайлсан гурван монгол залууг баривчилжээ. Өчигдөр буюу Лхагва гарагт тэднийг Тайландын цагдаагийн газар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна. Хулгайн хэрэг үйлдсэн этгээдүүд нь 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ. Словакын жуулчны хэтэвчинд 2,000 бат ($63 орчим) болон бусад үнэт эд зүйлс байсан гэнэ.
Хэрэг гарсны дараа удалгүй ойролцоох өртөөний хогийн савнаас хоосон хэтэвч олджээ. Цагдаа нар хяналтын камерны бичлэгийг шалгаад гурван этгээд хоосон хэтэвчийг хогийн саванд хаяад явсныг тогтоосон байна. Сэжигтнүүд баригдсаныхаа дараа хулгай хийснээ хүлээжээ. Бас тэд хүн олноор зорчдог дэлгүүр, худалдааны төвүүд, BTS-ийн өртөөнүүдээр явж, тай хүмүүс болон гадаадын жуулчдыг ангуучилдаг байснаа байцаалтын үеэр хүлээсэн байна.
Паспортын мэдээллээс нь Мөнхбаяр хоёр, Ихбаяр нэг, Эрдэнэбаяр дөрвөн удаа Тайландад ирж байсныг тогтоожээ. Тайландын цагдаагийн газар Мөнхбаяр, Ихбаяр нарыг Монголдоо алдартай рэп дуучид болохыг олж мэдсэн гэнэ. Сүүлийн үед Монголын иргэд Тайландад халаасны хулгайн хэрэг үйлдээд баригдах явдал байнга гардаг болоод байна.
Өнгөрсөн сард мөн гадаадын жуулчдын мөнгийг хулгайлсанд сэжиглэгдэж байсан Монголын 35-41 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй иргэн Тайландад дахин ирээд нисэх онгоцны буудлаас баривчлагджээ. Тэдний хохирогчид нь Герман, Австрали улсын жуулчид байсан юм.
Эх сурвалж: Bangkok Post
Ikon.mn