УИХ-ын гишүүдийг “айлгасан” алдартай бичлэгийн хэсгийг дэлгэж байна

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял сонссон хүмүүсийг эрүүдэн шүүснийг нотлох баримт гэх бичлэгийг өчигдөр (2019.03.29) хэвлэл мэдээллийнхэнд Төрийн ордонд 10:00 цагт үзүүлнэ гэсэн зарын сургаар 11.00 цаг гэхэд 120 хүний суудалтай “Иргэний танхим”-ын суудалд багтахгүй тооны сэтгүүлчид цуглав. Энд улс төр, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг олон сэтгүүлч ирцгээжээ.

Ирсэн хэвлэл мэдээллийнхэн нэлээн чанга үзлэг, шалгалтыг даван туулсан. Эхлээд үнэмлэхээ үзүүлж орсон хэвлэлийнхэн дараагийн хаалган дээр биед байгаа эд зүйл, гар утсаа хураалгав. Эрчүүдэд пиджактайгаа орох зөвшөөрөл ч олдоогүй юм.

Дараагийн хаалган дээр үнэмлэх, нүдний шилээ хүртэл хураалгаж, биедээ бүтэн нэгжлэг хийлгэв. Үүний дараа “УИХ-ын гишүүдийг айлгасан” алдартай бичлэгийг үзэх танхимын үүдэнд ирлээ. Бичлэг дэлгэх өрөөнд хэвлэлийнхний араас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар орж ирсэн юм.

Өдрийн 11:30 цагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлснээр “тусгай үйл ажиллагаа” албан ёсоор эхлэв. Тэрээр сэтгүүлчдэд бичлэгийн талаар урьдчилан товч мэдээлэл өгч, олон нийтэд уг бичлэгийг ил болгож болохгүй учир шалтгаан, бичлэгт гарч буй үйлдлүүд нь ямар, ямар хуулийг зөрчсөн талаар товч дурдлаа.

Бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргахдаа “албан хэрэгцээнд зориулж” хэмээн тодотгосон тул олон нийтэд үзүүлэх боломжгүй. Мэдээж эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн гэдэг нь өөрөө гэмт хэрэг гэдгийг тэр тайлбарласан.

Нууцын зэрэглэлээс гарсан бичлэг үргэлжлэх нийт хугацаа 27:08 минут.

Бичлэгийн эхэнд “Төв аймаг дахь ШШГЕГ-ын харъяа цагдан хорих байрны зоорийн давхар:

Сэжигтэн Б.Содномдаржаагийн саатуулагдсан зоорийн давхрын өрөөнд ялтан Ц.Амгаланбаатар /онц хүнд гэмт хэрэгт шийтгэгдсэн/, ялтан И /онц хүнд гэмт хэрэгт шийтгэгдсэн/, ШШГЕГ-ын ажилтан Б нарыг оруулж дарамтлуулж буй байдал…

2015 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл гэсэн тайлбар байв. Суудлаа эзлэх зуураа энэ тайлбарыг харж сэтгүүлчид 30 минутыг өнгөрөөсөн гэсэн үг.

Б.Содномдаржаагийн өрөөнд 9 сарын 1-нд Ц.Амгаланбаатар, И нарыг оруулснаар үйл явдал эхэлжээ. Энэ үед бичлэгийг түр зогсоон тайлбар хийлээ. Стандартын бус, шаардлага хангаагүй өрөөнд буюу цонхгүй, агааржуулагчгүй, цэвэр усгүй, жорлонгүй өрөөнд саатуулж хүний эрх зөрчсөн тухай дурдав.

Тухайн өрөөнд хоёр хананы дагуу банз холбосон наар /ор/, хөтөвч гэж нэг жижиг хувин шиг юм байна. Гаднаас Ц.Амгаланбаатар, И нар гудас, хөнжил бололтой пүүгээрхүү юм сугавчлан орж ирээд нааран дээрээ дэвсэн тухлав.

Бичлэгийн дүрс гайгүй ч, хүмүүсийн яриа царгиад сонсогдох боломжгүй учир тайлбар зүүжээ.

Эхэндээ И тийм ч их ширүүн харьцахгүй, олон зүйл ч ярихгүй, зүгээр л Амгаланбаатарыг дэмжсэн үгсийг хэлж байв. Харин Амгаланбаатар Содномдаржааг “Чи хийсэн хэргээ хүлээгээч. Чи “паар”-ыг шатаагаа биз дээ, С.Зоригийг алсан биз дээ. Тэрийгээ хэлээч. Чамаас болж би энд удаан баймааргүй байна. Чи муу хэргээ хүлээ л дээ. Би чамайг эсвэл гүтгээд байна уу. Дургүй хүргээд байвал алаад хаячихна шүү. Надаар эвгүй юм битгий хийлгээрэй” гэхчлэн байнга чанга дуугаар сүрдүүлэн орилж загнаж, заамдаж, нүүр бие рүү нь цохиж байна.

Ингэхдээ “п…. минь ээ”, “л… минь” гэдэг үгийг зай завсаргүй хэлнэ. Харин Б.Содномдаржаа нь “Би тийм юм хийгээгүй. Би хүн алдаг хүн биш. Би хүн алж үзээгүй. Би хэрэг хийгээгүй” гэхчлэн сөөнгө дуугаар хэлж байлаа. Гэтэл түүнийг чи чанга яриач, сөөнгө ч гэсэн чанга ярьж болдог юм байгаа биз дээ гээд харааж зүхнэ.

Дэглэлт шөнө болгон үргэлжилдэг байсан гэх. Итгэл гэж ярианыхаа дундуур өөрийнхөө нэрийг дурдсан биерхүү эр ч дутахгүй хэргээ хүлээж, үнэнээ хэл гэж шаардаж зандарч байх юм. Тайлбарлагчийн хэлснээр И нь 190 гаруй см өндөр, 90 давсан кг жинтэй бөгөөд сагсчин байжээ. Тэрээр хүн амины хэргээр 16 жилийн ял сонссон ялтан аж.

Хорих байранд 22:00 цагаас хойш бүгд амарсан байх ёстой гэнэ. Харин Ц.Амгаланбаатар, И нар өдөр нь унтаж, бусад цагт нь Б.Содномдаржааг дэглэхэд цагаа зарцуулж байсан гэж бичлэгийг үзүүлэгчид хэлэв.

Ингэхдээ зодож, цохихоос гадна өөрсдөө орон дээрээ хөлөө ачин хэвтэж тухлаад Б.Содномдаржааг гарыг нь ард нь бариулж, галуун цуваагаар явуулах, суниалгах зэргээр зовоодог байж. Мэдээж хэргээ хүлээхийг шаардсан үгс байнга давтагдаж байв.

Бичлэгийн дунд хэсэгт:

Б.Содномдаржаагийн нүдийг Ц.Амгаланбаатар ухчихна шүү гэж уурлах үед Б.Содномдаржаа “Чи таван настай байхдаа намайг ах аа, ах аа гээд дагаад гүйдэг байсан. Одоо тэр хүнийхээ нүдийг ухах гэж байгаа бол муу л байна даа” гэж хэлэв. Харин Ц.Амгаланбаатар “Би таван настай байсан үеэ яаж санадаг юм бэ” гэж байснаа “Ах аа гэдэг байсан. Тийм. Тэр ямар хамаатай юм бэ. Чи “паар”-ыг шатаасан биз дээ, С.Зоригийг алсан биз дээ. Хэргээ хүлээгээч” гээд л цохиж, зодно. Газар унагаж байгаад өшиглөнө.

Дурдсан зургаан өдрийн нэг өдөр нь Б.Содномдаржаа, И нар өрөөнд байх үед ШШГЕГ-ын ажилтан Б ялтны дүрээр орж иржээ. Түүнийг орж ирэхэд И-г өрөөнөөс гаргав. Тухайн үеийн бичлэгийн цаг шөнийн 00 цаг өнгөрч байгаагаар гарсан юм. Энэ хэсгийг бичлэг дэлгэгчид “Энд цагийн алдаа гарсан байгаа. Энэ бол өдрийн 12 цаг өнгөрч байгаа юм” гэж нэмж тайлбарлав.

Өрөөнд шинээр орж ирсэн Б нь Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж эхлэв. Гэхдээ тэрээр хэнийг хороосон гэдгээр нь нэр цохож хэлэлгүйгээр “хийсэн хэргээ хүлээ” гэж шахаж, шаардаж, хүзүүнээс нь багалзуурдан орон дээр нь боож дараад нударга зангидан цохих гэж далайж байгаад зүгээр л орыг хоёр гурван удаа цохиод босов. Мөн хаалганд тулган боосон ч цохисонгүй. Ингэж хэдэнтээ хэргээ хүлээхийг шаардсаар 2 цаг гаруй хугацаа болжээ. Тэгээд л хаалга онгойж Б гарч явав.

Ц.Нямдорж сайдын тайлбарласнаар энэ хооронд И-г өрөөнөөс гаргахдаа Б.Содномдаржаагаар хэрэг хүлээлгэх тактикаа ярилцсан бололтой гэнэ.

Ц.Амгаланбаатар, И нарын дэглэлт хараал, зодооноор дууссангүй. Б.Содномдаржаа чам шиг алуурчин биш гэх утгатай үг хэлэхэд нь Ц.Амгаланбаатар маш их уурлаж хөтөвч гэж нэрлээд байгаа хувинтай шээсийг Б.Содномдаржаагийн толгой руу цутгав.

Үүнд харин Б.Содномдаржаа нэлээд уурлав бололтой Ц.Амгаланбаатарын өөдөөс сөргөж эхэлсэн байна. Ц.Амгаланбаатар түүнийг доош суу гэж тушаасан ч Б.Содномдаржаа үгэнд нь огт орохгүйгээр барахгүй өөдөөс нь барьцалдан, мөчөөгөө өгсөнгүй.

Түүнийг суулгаж чадахгүй байгаадаа бачуурч уурласан Ц.Амгаланбаатарт харин И нь тусалж, улмаар Б.Содномдаржааг нүүр нүдгүй цохиж, ар өвөргүй бие рүү нь нүдэж гарав. И-гийн өөдөөс Б.Содномдаржаа яаж ч чадалгүй дийлдэж доош суув. Бичлэгийн тайлбар дээр “Энэ үед Б.Содномдаржаагийн хавирга хугарсан” гэсэн тайлбар гарч байсан юм.

Нөхцөл байдлыг харахад Б.Содномдаржаа нь И-тэй муудалцахыг хүсэхгүй байгаа нь харагдаж байв. Харин өөрийнх нь дээрээс шээс асгасан Ц.Амгаланбаатар луу бухимдлаа гаргаж, И-д учирлахыг оролдож байгаа нь харагдана.

Мөн 27:08 минутын бичлэгийн төгсгөл хэсэгт “Тайлбар үгүй” гэсэн тодотголтой Т.Чимгээгийн өрөөнд болсон 40 гаруй минутын бичлэгийн товчлол зүүгдсэн байна. Уг бичлэгт Т.Чимгээ нь мөн тус цагдан хорих байрны зоорийн давхрын нэг ортой өрөөнд ганцаараа хөнжил шиг юм нөмрөн унтаж байхад нь гаднаас Ц.Амгаланбаатар орж ирж байна.

Т.Чимгээ өндийн айсан байдалтайгаар хана налан хөнжлөө нөмрөөд орон дээрээ сууна. Харин Ц.Амгаланбаатар түүнийг хэргээ хүлээхийг шаардаж байв. Ингэхдээ “Янз үзэж байж хэлэх гээд байгаа юм уу. Хэргээ хүлээ” гэж сүрдүүлж байгаа нь бүдэг сонстож байлаа.

Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн өрөөнд ороод гарах энэ 40 гаруй минутын хугацаанд нэлээд хэдэн хууль зөрчигдсөн гэж тайлбарлагч бичлэгийн дундуур хэллээ. Т.Чимгээгийн өрөөнд болсон явдлын хувьд түүнд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй юм. Бичлэг энэ хүрээд дууссан.

Харин сэтгүүлчдийг танхимаас гарахын өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-Б.Содномдаржаа хоёр удаа цагаан будаатай хоол идсэний дараа бие нь нэлээд эвгүйрхсэн гэнэ. Тиймээс хоол идэхгүйн тулд хүндрэхдээ цэрийтлээ ус уугаад маргааш дахин хүндрэх хүртлээ юу ч иддэггүй байсан тухай ярив.

Мөн Т.Чимгээд тал аяга архи уулгаад, Т.Чимгээ ухаангүй болтлоо тасарсан. Б.Содномдаржаа ч хүн ялгаж танихаа больтлоо ухаан балартаж байсан гэж ярив.

Мөн “Паар”-ыг шатаасан тухай бичлэгт гардаг. “Паар” гэдэг нь дөрвөн хүүхэдтэйгээ шатсан Б.Отгонбаатар. Түүний ах Б.Нэргүй “Өнөөдөр” сонинд ярилцлага өгчээ. Тэрээр Ц.Нямдорж сайд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхнээс уучлал гуйсан мөртлөө өөрийнх нь ар гэрийнхнээс уучлал гуйгаагүйд гомдсон тухайгаа ярьжээ. Тиймээс Ц.Нямдорж сайд түүнийг олж уулзаад Төрийн ордонд авчирсан гэсэн юм.

Я.ХУЛАН

3 thoughts on “УИХ-ын гишүүдийг “айлгасан” алдартай бичлэгийн хэсгийг дэлгэж байна

  1. батаа байнөө 2019-03-30 15:03 at 15:03

    Хамгийн аймрыг нь хасаад бичцэн юм уу, угаасаа тийм аймар зүйл болоогүй юм уу?

    Хариулах
  2. Enkhtaivan 2019-03-31 22:41 at 22:41

    Үнэн мэдээлэлээр хангах үүрэгтэй сэтгүүлчид иргэдэд үзүүлэх хэрэггүй гэнэ үү! Хүний эрх хэвлэлийн эрх баяртай!

    Хариулах
  3. Сахьяа 2019-04-03 17:10 at 17:10

    Ямар яргалал болдгийг ард түмнээсээм нуух хэрэггүй байгаа юм. Ингээд нугаад байвал дараагийн эрүүдэн шүүлт, яргалалыг бас л нуух болно.Тэхээр ард олон үнэнийг мэдэж байх хрэрэгтэй шүү, Бүгдийг ард түмэнд үзүүлэхийг шаардаж байна. Хуулийнхан өөрсдийн хийсэн бузар булайгнаа л нуух гээгүй бол иргэдэд үзүүлэх хэрэгтэй.

    Хариулах

Сахьяа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн