УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-д яаралтай горимоор оруулан хэлэлцүүлэхийг шаардлаа

УИХ-ыг тарахыг шаардаж Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр (2019.03.27) Төрийн ордны гадаа жагслаа. Тэд уг шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж буй үйлдлээ зогсоохыг шаардаж буй юм байна.

“Эрх чөлөө хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Хууль батлах замаар Үндсэн хуульд халдсан Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс Монголын түүхэнд төрийн эргэлт хийсэн урвагчид болж үлдэнэ. Энэ бол дөнгөж эхлэл. Тэмцлийг цаашид үргэлжлүүлэх тул энэ долоо хоногт төв талбай хүмүүсээр дүүрнэ гэж бодож байна” гэлээ.

Мөн жагсаалыг зохион байгуулагчид зөвхөн уриа лоозон бариад зогсохгүй, шоу хүртэл зохион байгуулах гэнэ.

Жагсагчид УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалд шаардах бичгээ гардуулав. Тэрээр шаардлагыг байнгын хорооны хурлаар хэлэлцүүлнэ гэлээ.

Шаардлагад:

“УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан УИХ Монголын ардчилалд аюул учрууллаа. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар үгсэн хуйвалдаж, 60 тэрбумын схем боловсруулан шударга бусаар сонгуульд ялж, 950 саяын зээлээр барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр өөрсдийн өчүүхэн эрх ашиг, ордны хуйвалдаанаар төрийн эргэлт хийж байна. УИХ-ын дарга та тусгайлан захирамж гаргаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, прокурорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа нь үзэл, санаа суурь зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг гажуудуулсан төрийн үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагаар дамжуулан Үндсэн хуулиар тогтоосон шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдалд халдаж байна. Уг хууль батлагдсанаар шүүх эрх мэдлийг бүхэлд нь нэг хүний эрх мэдэлд төвлөрүүлж хүний эрхийг хамгаалдаг ардчилсан тогтолцоо бүхэлдээ устах болно. Авлигын тогтолцооны нэг хэсэг болсон эрх мэдэлтнүүдийн өвөр зуурын тэмцэлдээнд хууль хүчний байгууллагыг ашигладаг байсан үе ард хоцорч авлигын тогтолцоог бүтээн татвар төлөгчдийн мөнгөөр ил цагаан авлигалан барьцаалсан бүлэглэлд шилжлээ. Өнөөдрийн барьцаалагдсан бүлэглэл нь ард түмнийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэж ардчилсан үзэлтэй хүн бүр үзэж байна. УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-д яаралтай горимоор оруулан хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Шаардлагын хариуг хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Тиймээс шаардлагын хариуг өгтөл маргаашнаас Төрийн ордны баруун, зүүн хаалгыг хашиж, эрх баригчдыг ордон луу орж, гарахыг хориглохоор төлөвлөсөн гэнэ.

One thought on “УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-д яаралтай горимоор оруулан хэлэлцүүлэхийг шаардлаа

  1. АН Ахмад 2019-03-27 18:58 at 18:58

    Негее л нэг хэдэн ардчилал ярьсан Элбэжооржын лааз ешиглесен хегшин хэрэггуй ангарууд шивдээ. Естой хол очиод хуцацгаа. Малуудаа!!!

    Хариулах

АН Ахмад-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн