Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэлээ. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны гуравдугаар сарын 1-15-ны хооронд бүртгэлжүүллээ.
Нийт 815 хүүхэд бүртгэгдсэнээс 717 хүүхдийг хурууны хээгээр бүрэн бүртгэлжүүлж 98 хүүхэд тодорхой шалтгааны улмаас бүртгэл хийгдээгүй байна.
Үүнээс 0-2 насны-23, ар гэрт нэгтгэсэн-5, оюутан-24, асралт гэр бүлд-9, бичиг баримтгүй-8, үрчлэгдсэн-2, төвөөс насанд хүрээд гарсан-9, цэрэгт-1, өдөр өнжүүлэх-3, чөлөөгөөр гарсан-3, хөгжлийн бэрхшээлтэй-1, Чойрын хийдэд байрладаг-4, бүртгэл зөрсөн-3, гадуур явж байгаа-2, ЕБС-ийн дотуур байранд сурдаг-1 байна.
Уг ажлыг зохион байгуулсны үр дүнд хүүхдийн мэдээллийг хамгаалж хяналт тавих болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн бусад үйлчилгээнд хамруулахад дөхөм болох юм гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.