Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.27) хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны өмнө нэр бүхий гишүүдийн гаргасан С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүж буй бичлэгийг байнгын хороон дээр үзүүлье гэдэг горимын саналаар санал хураалт явуулахад 83.3 хувь нь татгалзав. Тэгэхээр эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд үзүүлэхээр болов.
Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 1 дүгээр зүйлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэсэн агуулга бүхий 17.1.8 дахь заалтыг нэмэхээр тусгасан. Үүнийг “Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн 3 дугаар зүйлийг өөрчлөх саналыг 81.8 хувь нь дэмжив. Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл дэх “46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэснийг “Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжсэн. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.
Байнгын хорооны хурал дээр эрүүдэн шүүсэн бичлэгийн тодорхой хэсгийг нь үзүүлэхэд бэлэн байна гэдэг горимын саналыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Энэхүү бичлэг нийт 22 сар буюу 660 хоногийн бичлэг байгаа аж.
Харин чуулганы хуралдаан дээр бичлэгийн эхний хэсгийг үзүүлэх боломжтой гэж ЗГХЭГ-ын дарга хэлсэн юм. Ингээд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “одоо үзүүлэх” гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад 78.3 хувийн саналаар гишүүдийн олонх нь дэмжив. Ингэхдээ хэлэлцэж буй хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн хоорондох хугацаанд хууль баталдаг парламентын танхимдаа бус А танхимд бичлэгийг үзэхээр боллоо.