Азийн хөгжлийн банкнаас сэргээгдэх эрчим хүчний салбарт, хувийн хэвшлийн компанитай анх удаа хамтарч, үйл ажиллагаааг нь дэмжих зорилгоор 18.7 сая ам.долларын зээл (төсөлд шаардлагатай нийт хөрөнгө) олгох болсноо өчигдөр мэдээллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулж буй 15 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцаас туршилтаар эрчим хүч нийлүүлээд хоёр сар гаруй болжээ.
Уг станцыг Монголын “Тэнүүн гэрэл констаршн”, Тайландын “Сермсанг пауэр корпорейшн”, Японы “Шарп энержи солюшнс” компани хамтран байгуулж буй. “Сермсанг-Хөшигийн хөндий” төслийн хүрээнд байгуулсан нарны цахилгаан станц нь манай улсын эрс тэс уур амьсгалд тохируулан боловсруулсан техникийн шийдэлтэй бөгөөд жилд 22.3 сая кВт/цаг нарны эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн хэмжээг 26 400 тонноор бууруулах гэнэ. Уг станцаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх ба барилга, угсралтынх нь ажил бүрэн дуусжээ. Өнөөдрөөс Улсын комисст хүлээлгэн өгөх ажлаа эхлүүллээ.
Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Майкл Барроу “Энэхүү төсөлд зориулсан 10 жилийн хугацаатай зээлийг уян хатан нөхцөлтэйгөөр, дотоодын арилжааны банкныхаас бага хүүтэй олгосон. Манай банк дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх ажлынхаа хүрээнд 2030 он хүртэл улс орнуудад 80 орчим тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөсөн.
Ялангуяа энэ чиглэлд хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх бодлого түлхүү баримтална. Тиймээс Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, байгальд ээлтэй технологи нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.