2025 он. Дэлхийн саятнууд нэг тэрбумд хүрэх нь. Чухам тэр үеэс ус дэлхийн бодлогыг тодорхойлж, нефть бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээтэй үнэлэгдэнэ. 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн төрөлхтөний гуравны хоёр нь цэвэр усны дутагдалд орж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар гэхэд манай гаргийн гурван тэрбум орчим хүн усаар хэдийн гачигдаж эхэлсэн. 2050 он. Дэлхийн нийт хүн амын тоо 9.2 тэрбумд хүрнэ. Тэр үед хүн төрөлхтний өмнө хоол хүнсний хангамж, нөөц, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал дээд цэгтээ тулна. Үүнийг дагаад цэвэр усны хомсдол цэнхэр гаргийг бүхэлд нь нөмөрч, байгалийн гамшиг, цөлжилт, сүйрэл хаа сайгүй нүүрлэнэ. 2080 он. Африк тивийн хүн ам 70 дахин өснө. Тодорхой хэлбэл, нэг тэрбумаас 70 тэрбумд хүрнэ гэсэн үг.
Биологийн занал хийллийн аюул газар авна. Ус, ургамал, хөрс, газар шороо гээд амьд байгалийн төлөөх тэмцлийн дайн дэлхийн улс орнуудын дунд хүчээ авч, бүр дээд цэгтээ хүрнэ. Төсөөлөх нь бүү хэл, уншихад ч аймаар тоо баримт, таамаг зөгнөлийн зах зухаас тоочвол ийм байна. НҮБ-аас 2010 онд гаргасан илтгэлд ундны усны хомсдолыг “2025 оноос эхэлнэ” гэж тооцсон байсан билээ.
Гэвч ердөө нэг жилийн дараа Номхон далайд орших арлын улсууд ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэлсэн байдаг. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу, Токелау хэмээх хоёр улс 2011 оны аравдугаар сард ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарласан юм. Ийнхүү арал улсаар “түүчээлсэн” ундны усны хямрал цаашдаа томоохон хотуудаар үргэлжилж, хотууд эзгүйдэх төлөв ажиглагдаж эхэллээ.
XXI зуунд ус дэлхийн бодлогыг тодорхойлох байгалийн бүтээгдэхүүн болно гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн улс орнууд алт эрдэнэсийн сангаа, валютаа өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэхэд, хайрлаж гамнаж, хамгаалахад онцгой анхаарч байна. Ус гэдэг улс орны үндэсний аюулгүй байдалтай, орших, эс оршин тогтнохтой нь холбоотой болохоор тэр.
Монгол орны усны нөөцийн 90 гаруй хувийг байгалийн эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын ус эзэлдэг. Харин манай усны нийт нөөцийн 1.96 хувь нь газрын доор бий. Энэ нөөцөөс төв суурин газрын усны хэрэглээний 80-90 хувийг хангаж байна. Тухайн улс орны хувьд усныхаа нөөцийг нарийвчлан тогтоож, үүн дээрээ үндэслэн ашиглах, хамгаалах асуудлаа төрийн бодлогоор зохицуулах учиртай. Харин энэ тал дээр Монгол Улс туйлын хангалтгүй дүнтэй.
Хүн төрөлхтний талаас илүү хувь нь сууршдаг, томоохон гол мөрөнгийн бараг дөчөөд хувийг “атгасан” Ази тив усны гачаалд орж эхлэв. Угтаа энэ нь цэнхэр гаргийн цэвэр усны хомсдол хурцаар тавигдах болсны гол баталгаа юм. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Төв, Өмнөд, Зүүн ба Зүүн өмнөд Азийн бүс нутагт, ялангуяа томоохон голуудын цэнгэг усны хүрэлцээ багасна гэж судлаачид тооцоод байна. Хар мэдээ үүгээр дуусахгүй ээ.
Дэлхийн дулааралтай холбоотой усны нөөцийн өөрчлөлтийн улмаас үер, гантай холбоотой суулга өвчнөөс шалтгаалсан өвчлөлт, нас баралт Зүүн, Өмнөд, Зүүн өмнөд Азид өсөх хандлагатай байна. Эрэг орчмын усны температурын хэмжээ нэмэгдсэнээс Өмнөд Азид холерийн тархалт, хор хөнөөл улам ихсэх түгшүүр давхар бий. ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот ундны усны хомсдолоос болж, цаашид өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ.
Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо аль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг хэдийн амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд судалгаа хийжээ.
Уг судалгаагаар эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийт тус бүр 19 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй бол дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам.доллар шаардагдана хэмээн анхааруулжээ. Усаа хэмнэх талд АНУ дэлхийд сайны жишгийг тогтоож эхэлсэн. Тус улсын усны ахуйн хэрэглээ өнгөрсөн 30-аад жил 10 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Энэ нь ахуйн болон газар тариалангийн усалгаа, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэнтэй холбоотой аж. Усны нөөцөөс улбаатай мөргөлдөөн 2000 оны эхний есөн жилд 94 байсан бол сүүлийн есөн жилд 263 болж нэмэгдсэн байна. Монголд ч ялгаагүй бэлчээр, усаа булаалдсан хэрүүл тэмцэл сүүлийн жилүүдэд тасрахаа байв. Усаа харамласан малчид өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенийхээ аминд хүрсэн жишээ цөөнгүй дуулдах боллоо.
Энэ бол Монгол оронд усны нөөцийн хомсдол бодитоор нүүрлэж эхэлсний баталгаа. Гуравдугаар сарын 22. Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус тэгш хүртээмж” уриан доор маргааш дэлхий дахинаа тэмдэглэнэ. 1992 оноос хойш жил бүр ач холбогдол өгөн тэмдэглэх болсон уг өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, экологийн боловсрол олгож, сурталчлан таниулахад оршдог юм.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Усны тоолуур ашигласнаар өрхийн хэрэглээг 30-40 хувь бууруулсан Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатарын иргэд усаа хэмнэж чадаж байгаа, эсэхийг сурвалжиллаа. Айл, өрхүүдээс гадна албан байгууллага, үйлдвэрүүд цэвэр ус ихээр ашигладаг. Ялангуяа авто угаалгын газар, ундаа, ус үйлдвэрлэгч байгууллагуудын цэвэр усны хэрэглээ бусдынхаас хэд дахин илүү.
Тиймээс дээрх газрууд усаа хэрхэн хэмнэж буйг сонирхсон юм. Эхний очсон газар бол Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн замын хойно байрлах “Талст” авто угаалгын газар. Бусдаасаа арай том болох нь хаяг, чимэглэлээс нь л анзаарагдав. 5-6 автомашин зэрэг үйлчлүүлэх талбайтай, тэр хэрээр олон ажилтантай. Талбайн дундуур бохир ус гадагшлуулах хоёр хоолой байрлуулжээ. Тус угаалгын газар нь өнгөрсөн есдүгээр сараас саарал ус ашиглаж эхэлсэн аж.
Менежер Д.Очхүү “Манай байгууллага өнгөрсөн есдүгээр сараас бохир усыг 50-60 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж ажиллуулж эхэлсэн. Удахгүй 98 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж авахаар зэхэж байна. Цэвэршүүлж, дахин ашигладаг болсноор цэвэр усны хэрэглээгээ 50 хувь бууруулсан. Нэг автомашиныг хэмжээ болон бохирдлоос нь шалтгаалж 30-100 литр усаар угаана. 98 хувь цэвэршүүлдэг төхөөрөмжтэй болбол цэвэр усыг 90 хувь хэмнэж болно” гэв.
Баянгол дүүрэг, “Модны хоёр”- ын зам дагуух авто угаалгын газарт ороход дээрх шиг олон ажилтангүйгээс гадна угаалгаж буй автомашин ч цөөхөн байв. Эзэн нь өөрөө бүх үйлчилгээгээ хийдэг гэнэ. Тэрбээр “Манайх сард 50-60 шоо метр ус хэрэглэдэг. Харин өдөр тутам хэрэглэдэг усаа хянадаггүй” гэлээ. Мөн бохир усаа цэвэршүүлж, дахин ашиглах, хэмнэх талаар ямар нэгэн ажил хийгээгүй байна гэсэн юм.
Тэндээс холгүй “Гандан” авто угаалгын газарт мөн л дээрх шиг дүр зураг ажиглагдав. Тус авто угаалгын газар нь өдөрт 7-15 автомашинд үйлчилдэг бөгөөд усны төлбөрт сард 100- 110 мянган төгрөг төлдөг гэлээ. Тус газрынхан ус дахин ашиглах талаар сонссон ч дорвитой ажил хийж чадахгүй байгаагаа учирлав. Харин манай улсын томоохон үйлдвэрийн нэг “М Си Эс кока кола” компани бохир ус цэвэршүүлэх ажил хийсэн анхдагч байгууллага гэнэ.
SBR буюу биореактор технологийг 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд хоногт 2000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Бохир ус цэвэршүүлэх байгууламжтай болсноор нийслэлийн Хот тохижилтын газартай хамтран ажиллаж, хотын төв талбай, гудамжуудын авто зам, зүлэг ногоо услахад ашигладаг. Түүнчлэн компанийнхаа ногоон байгууламжийг услахын зэрэгцээ ахуйн бохироо зайлуулах зорилгоор жорлонгийн саванд хийдэг аж.
Ингэснээр 2015-2018 онд нийслэлийн Хот тохижилтын газарт гэхэд л 24 000 тонн ус нийлүүлсэн байна. “М Си Эс кока кола” компани 2005 онд нэг литр ундаа үйлдвэрлэхэд 5.1 литр ус хэрэглэж байсан бол одоо 1.8 литр болгож багасгажээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь цэвэр ус хэмнэх ажилд төдийлөн санаа тавьдаггүй.
Харин иргэдийн усны нийт хэрэглээ ямар байгаа талаар Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ц.Баянзулаас тодруулахад “Манай байгууллага 1.3 сая иргэнийг цэвэр усаар хангадаг. 1995 оноос усны тоолуур ашиглаж эхэлснээр орон сууцанд амьдардаг иргэдийн усны хэрэглээ эрс багассан. Тодруулбал, тухайн үед орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 420-450 литр ус хэрэглэдэг тооцоо гарсан.
Харин 1995 оноос хойш усны тоолуурыг үе шаттай суурилуулснаар өрхийн усны хэрэглээ 30-40 хувь буурсныг БНСУ-ын “Daelyu industry” компанийн ус хэмжигч төхөөрөмжөөр шалгаж, баталсан. Орон сууцны оршин суугчид шөнийн 00.00-06.00 цагт хэрэглэсэн ус нийт хэрэглээний 15 хувийг эзэлдэг. Үүний дийлэнх нь бодит хэрэглээ биш бөгөөд хуучирсан сантехникийн хэрэгслийн алдагдлаас болж үүсэж байгааг тогтоосон” гэлээ.
Бэлтгэсэн: Ж.Уранмандал
Эх сурвалж: