ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын шүүх хурал гурав дахиа хойшлогдлоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.03.18) Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг шүүх хуралдаан 10:00 цагт эхлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн З.Хүрэлсүх нь ЗТХЯ-ын сайд асан, төрийн нарийн, дэд сайд болон хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг шүүх хуралд оролцуулах санал гаргаж байсан аж. Тодруулбал, уг хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүнийг холбогдуулан шалгаж байсан боловч тэдний хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлсэн шийдвэрүүдийг хохирогчдын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна.

Яллагдагчид холбогдох хэргийн тухайд, 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарсан. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоож, улмаар Б.Махбалыг сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.

Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч гэрчээр гурван хүн оролцжээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүх хурал ийнхүү гурав дахь удаагаа хойшлогдлоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Махбал нь өөрийн биеэр оролцсон бөгөөд шилэн Цогоо буюу ЗТХЯ-ны Дэд сайд асан Б.Цогтгэрэл очжээ.

One thought on “ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын шүүх хурал гурав дахиа хойшлогдлоо

  1. зочин 2019-03-18 12:28 at 12:28

    Санаатай цаг хожих арга

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн