НИТХ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаан нийслэлийн Засаг даргыг сонгох эсэх асуудлаар үргэлжиллээ. Энэ үеэр нийслэлийн АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл:
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд хандаж хоёр зүйлийг хэлэхийг хүсч байна. МАН бол завсарлага авах нь тоо хэмжээгээ алдлаа. Сүүлдээ мессежээр ч завсарлага авдаг болсон. Манай нам хоёр удаа л завсарлага авсан шүү. Өнөөдрийн хурал бүлгийн эрх хэмжээг зөрчөөд зогсохгүй иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэлсэн.
Б.Батнасан өөрөө төлөөлөгч хүн, горимын санал гэж ямар чухал санал болохыг ойлгохгүй сууж байна. Хууль, дэг зөрчиж үйл ажиллагаа явах гэж байвал бүлэг ч завсарлага авдаг. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчийн оруулсан асуудал хууль зөрчиж явах гэж байгаа бол иргэдийн төлөөлөгч горимын санал гаргадаг юм. Заавал санал хураана. Энэ бол төлөөлөгчдөд олгогдсон эрх.
Үүнийг зөрчөөд эхэлсэн. Бид Засгийн газрын агентлаг биш. Бид ямар нэг намын орон нутгийн байгууллага огт биш. Бид нийслэлийн иргэдийг төлөөлж байгаа бүрэн эрхт мандаттай улс. Үүнд хэн ч халдаж болдоггүй юм. Үүнийг бид өөрсдөө гутаагаад суугаад байна. Тийм учраас хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчлөх горимын санал гаргаж байна” гэлээ.
Харин хуралдаан даргалж буй төлөөлөгч Б.Батнасан “НИТХ-ын дарга санал оруулсан. Уг нь би хурлыг дэгийнх нь дагуу явуулах гэж нэлээд хичээлээ. Манайхан ч нэлээд задгай ярьцгаалаа. Би яриулаад л байгаа. Санал хэлэх, асуулт асуух нэрс аваагүй байхад өөрсдөө нэрсээ самбар дээр өгчихөөд дайраад байгаа шд. Би тэр болгоныг зөвшөөрөөд үг хэлүүлээд л байгаа.
Юм болгоныг ганц хоёр хүний хүсэлд тааруулаад явна гэж байхгүй. Тийм учраас би дэгийн дагуу, нэгжийн тухай хуулийн дагуу хурал удирдаад явж байгаа гэж бодож байна. Хуралдааныг дэгийн дагуу үргэлжлүүлье. Горимын саналын дагуу санал хураах боломжгүй гэж үзэж байна” гэв.
Ажлын хэсгээс НИТХ-ын дэгийн дагуу хуралдаан даргалагчийн асуудлыг яриагүй учраас НИТХ-ын АН-ын бүлгийн даргаас гаргасан саналыг горимын санал гэж үзэхгүй гэдэг тайлбарыг өглөө.
Ингээд нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Р.Дагва дахин нэг цагийн завсарлага авах санал гаргасныг хүлээн авч НИТХ-ын ээлжит бус хуралдаан дахин завсрлалаа.