Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Данзанжамц Монголын сүсэгтэн олонд зориулж интернэтээр буюу онлайнаар ном айлдахаар болжээ. Тодруулбал энэ сарын 28- ны 10:00 цагт Бөхийн өргөөнд уг арга хэмжээ болох бөгөөд Далай лам Энэтхэгийн Дарамсала хот дахь өөрийн номын өргөөнөөс монголчуудтай шууд онлайнаар холбогдох гэнэ. Номын айлдварыг цугласан сүсэгтэн олонд монгол орчуулгатайгаар хүргэхээс гадна дээрхийн гэгээний аравнайлсан рашаан, утлага, үрэл, зангиа тэргүүтнийг тараах аж.
Мөн “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” гэсэн хоёр айлдварыг монгол хэлний орчуулгатайгаар үнэ төлбөргүй тарааж, номонд даган баясах боломжтой юм байна. Далай багшийн айлдварын урилгыг Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацангаас үнэ төлбөргүй тарааж, аль хэдийнэ дууссан боловч урилгыг аваад ирж амжаагүй хүмүүсийн суудалд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг оруулж болох ажээ. Хурал номын үйл ажиллагаа бүхэлдээ үнэ төлбөргүй болох юм.