Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан улстөрчдийн нэг Ц.Элбэгдорж өнгөрөгч долоо хоногт АТГ-т очиж мэдүүлэг өглөө. Ингэснээр тэр эрүүгийн гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг, авлигын хэрэгт сэжиглэгдэн АТГ-т байцаагдсан Монгол Улсын хоёр дахь экс Ерөнхийлөгч болов.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгыг атгаад жил ч болоогүй байхад буюу 2012 онд өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр АТГ-т дуудагдан байцаагдаж байв. Хавар нь, дөрөвдүгээр сард түүнийг гэрээс нь дайчлан баривчилсан дуулиан хэвлэлийн шар хуудсаар дүүрэн бий. Хэрэг явдлын баримтууд интернэтийн хайлтаар ч гараад ирнэ.
Хэдийгээр хэргийг АТГ шалгасан боловч өмнөх Ерөнхийлөгчөө шалгах үүргийг Ц.Элбэгдорж өгсөн гэсэн яриа, ийм ойлголт нийгэмд хэдийнэ тогтчихсон. Хувь заяаны шоглоом уу, тохиолдол уу?
Ц.Элбэгдоржийн амьдрал Н.Энхбаярын жимээр урагшилж, тэр АТГ-д мэдүүлэг өгч буй сэжигтэн болон хувирлаа. Түүнийг шалгах, сэжигтэнд тооцуулах саналыг гаргагч нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.
УЕП М.Энх-Амгаланд Ерөнхийлөгчийн өөрийн гараар дамжуулсан Тавантолгойн ордтой холбоотой гэх 179 хуудас материал Ц.Элбэгдорж, АТГ хоёрыг холбосон шинэ жим гарахад хүргэлээ.
Баасан гарагт Ц.Элбэгдорж АТГ-д мэдүүлэг өгөх гэж буйгаа олон нийтийн сүлжээнд зарласан байв. Хуулийн байгууллагаас асуух, тодруулах санал ирвэл би цагт нь яваад очно. Зугтаах шаардлага байхгүй гэсэн түүний жиргээ улстөрчийн байр суурь гэхээс илүү, нийгмээс тодорхой хэмжээний дэмжлэг авахыг хүссэн оролдлого шиг харагдсан нь нууц биш.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулгад 179 хуудас материалаа нийтэд ил болго гэсэн үгийг дайж байгаа. Зарчмын хувьд энэ бол зөв санаа. Тодорхойгүй үйл явдал нь өөрөө хэтэрсэн дуулиан, хоосон таамаг, айдас, сэжиг төрүүлдэг. Баримт үнэхээр гэмт хэргийг гэрчлэх үү, үгүй юу гэдгийг нийгэм ч мэдэх эрхтэй.
Эс бол Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш улстөрчдийн хоорондын өс хонзон, өгөө аваа эхэлж, эрх мэдэлтэй нь эксээ ялладаг гаж тогтолцоо бий болохыг ч үгүйсгэхгүй. Ийм болгоомжлол иргэдэд ч төрж эхлээд байна.
Ерөнхийлөгчиддөө эргүүгийн хэрэг үүсгээд байцааж, барьж хорих жишиг нь төрийн нэр хүнд үнэгүйдэх, хүчгүйдэх хандлагыг улам бүр сэдрээх гэмтэй. Олон нийтийн эв түнжин, үндэсний аюулгүй байдалд ч халтай ийм үйлдэл Ц.Элбэгдоржийн үед эхэлсэн бол долоон жилийн дараа өөрт тохиолдож байх шиг байна.
Асуудалд бодитой хандаж, 179 хуудас материалыг дэлгэхгүй бол Ц.Элбэгдоржийн өмнө нээгдсэн энэ зам дөрвөн жилийн дараа Х.Баттулгад ч нээгдэхгүй гэсэн баталгаа алга байгааг улстөрчид хэдийнэ сануулаад эхэлжээ.
2 comments
Энэ бол хэвийн л үзэгдэл БНСУ-г хар
Эзний алба ээлжтэй хааны алба халаатай
Энэ нөхөр ард түмэний тархи угаадаг хэвээрээ л бна.Хийсэн хэрэг хулгай нь ил байгаа цагт хаашаа бултах вэ.АСЕМ ,,ОЮУТОЛГОЙ,,ЭРДЭНЭТ,,гээд зөвхөн ил гарсан хулгай нь энэ цаана нь бид мэдэхгүй зөндөө юм байгаа сайн шалгах хэрэгтэй.Гадуур биш шоронд хориж байгаад шалга.гадуур байлгах тусам хуйвалдах шалтгаан их болно..