“Сэтгэлийн дархлаа” Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэл зүйн оношилгооны багийн эмч Ж.Нямцэцэгтэй оюуны хомсдол өвчний талаар ярилцлаа. Тэрээр охид бүсгүйчүүддээ хандаж эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд ээж өөрөө эрүүл байхын ач тусыг сануулж байна.
Оюуны хомсдолын талаар ярихаасаа өмнө оюун ухаан гэж юу вэ гэдгийг ярих хэрэгтэй болов уу?
Оюун ухаан гэдэг бол хүний ойлгох, ажиглан бодох, нэгтгэн дүгнэх сэтгэхүйн чадварыг хэлэхийн зэрэгцээ амьдралаас олж авсан туршлага, дадлаа өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэх чадварыг хэлнэ. Нэгтгэн дүгнэх, сэтгэн бодох чадварын дутмагшилтай, энэ байдал нь эмнэл зүйн шинж тэмдгээр илэрдэг. Ингэхдээ эмнэл зүйн явц нь даамжирдаггүй явцтай ийм бүлэг хүмүүсийг оюуны хомсдолтой хүмүүс гэж хэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гаригийн нийт хүн амын 1-3 хувь нь оюуны хомсдолтой гэсэн судалгаа бий.Харин манай улсын хувьд 1986 онд 1000 хүн тутамд 8,6 оюуны хомсдолтой хүн илэрч байсан бол сүүлийн үеийн мэдээгээр энэ өвчний тохиолдол тэр үеийнхээс 13 хувиар нэмэгдсэн байна. Манайд өнөөдрийн байдлаар оюуны хомсдолтой гэж тогтоогдсон 14282 өвчтөн бий. Дэлхийн улс орнуудад энэ тоо их ойролцоо явдаг.
Оюуны хомсдолыг дотор нь хүнд, хөнгөн гэх мэтээр ангилдаг уу?
Эмнэл зүйн байдлаар нь дөрвөн бүлэгт хувааж үздэг.Эхнийх нь оюун ухааны хөнгөн хомсдол. Хөнгөн хомсдолтой хүний IQ нь 50-69-ийн хооронд байдаг бөгөөд сэтгэл зүйн нас нь нас биенд хүрсэн мөртлөө 10-12 настай хүүхдийн хэмжээнд сэтгэн бодох чадвартай. Харин хоёрт нь хүндэвтэр оюуны хомсдол орно. Эмнэл зүйн хувьд ийм хомсдолыг хүүхдийг бага байхад нь илрүүлэх боломжтой. IQ-ийн түвшин нь 34-49, сэтгэл зүй нь долоогоос есөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэн боддог. Гурав дахь нь хүнд хэлбэрийн оюуны хомсдол. IQ нь 20-34 түвшинд байдаг бол сэтгэл зүйн нас нь таваас долоон настай хүүхдийн хэмжээнд байдаг. Дөрөв дэх нь оюуны гүнзгий хэлбэрийн хомсдол буюу хамгийн хүнд хэлбэр нь. Ийм хэлбэрийн хомсдолтой хүний IQ-ийн түвшин 0-20 хувьтай бол сэтгэл зүйн нас нь гурван нас хүртэлх хүүхдийн сэтгэл зүйтэй адилхан сэтгэдэг гэж үздэг. Оюуны хомсдол хүнд хэлбэртэй байх тусмаа бага насанд нь оношлох боломжтой байдаг. Ихэнх тохиолдолд бага ангийн багш, цэцэрлэгийн багш нар. Ялангуяа 1-2 дугаар ангийн багш нар нь хамгийн анх олж илрүүлэх боломжтой.
Оюуны хомсдолтой хүүхэд төрж байгаа шалтгаан нь юу вэ?
Олон шалтгаан бий. Дотоод шалтгаан, гадаад шалтгаан, дотоод гадаад хавсарсан гэх мэт. Дотоод шалтгаан гэдэгт удмын буюу генийн өвчнүүд орно.Гадаад шалтгаан нь жирэмсэн байх үедээ урагт гэмтэл учирснаас болдог. Үүнд архи, тамхины хэрэглээ, жирэмсэн үедээ хүчтэй хордлого авах, бэртэж гэмтэх зэрэг хамаарна.
Хожуу төрүүлсэн хүүхэд аутизмтай, эсвэл дауны синдромтой болох магадлалтай гэж үздэг. Оюуны хомсдол үүнтэй адилхан уу?
Шууд ингэж үзэж болохгүй ч анагаах ухаанд судалснаар дауны өвчтэй хүүхэд 35 хүртэлх насны төрөлтөнд 100 мянгад нэг удаа, харин 35-аас дээш насанд 10 мянгад нэг тохиолдож байгааг тогтоочихлоо.Тиймээс хожуу төрөлтөнд магадлал өндөр болдог нь үнэн. Хүүхдээ хэвлийд байх үед нь хорт зуршилд автдаг эмэгтэйчүүд олон болчихжээ.
Архи, тамхи гэх мэт. Энэ мэдээж аюултай, тийм үү?
Эмч нар бидний эмзэглэж явдаг асуудлын нэг. Монголд оюуны хомсдол гэж оношлогдсон нийт тохиолдлын 24,9 хувь нь удмын, 17,9 хувь нь архи, тамхины, үлдсэн нь бусад шалтгаантай болохыг манай эрдэмтэд тогтоочихсон. Энэ байдал сүүлийн жилүүдэд улам л нэмэгдэх хандлагатай болж ирж байгаа. Ганцхан ээжээс гадна аав үр тогтоохоосоо өмнө архи, тамхи хэрэглэх нь мөн адил оюуны хомсдолтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг.
Оюуны хомсдолыг илрүүлэх шинжилгээг манай орны нөхцөлд яаж хийдэг вэ?
Манай СЭМҮТ-ийн Сэтгэл зүйн оношилгооны багийнхан улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеэс энэ төрлийн шинжилгээ манайд нэвтэрсэн.Өнөөдрийн байдлаар оюуны хомсдолыг илрүүлэх векслерийн сорилоос эхлээд нэлээд олон төрлийн шинжилгээг хийж байна. Векслерийн сорил бол эмнэл зүйн явц нь ямар байгааг IQ-ээр дамжуулж тодорхойлдог сорил шинжилгээ юм. Хүнд хэлбэрийн оюуны хомсдолыг бол эхийн хэвлийгээс дөнгөж эх барьж авсан даруйдаа эх баригч эмч нь хүртэл өөрөө оношлох боломжтой.Сүүлийн үеийн боловсронгуй шинжилгээгээр ургийг хэвлийд байхад нь ургийн усыг үзэх замаар оюуны хомсдолтой эсэхийг нь мэдэж болдог болсон. Харин хүүхэд өсч том болох явцад сэтгэцийн болон биеийн талаас илрэх шинж тэмдгээр нь мэдэж болдог.
Эхийн хэвлийд байх үед нь оношилсны давуу тал юу байж болох вэ?
Энэ бол хүний эрхтэй холбоотой шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал юм. Эхийн хэвлийд буй ураг оюуны хомдсолтой гэдэг нь тодорхой болсон тохиолдолд эцэг, эхтэй нь ярилцаж, зөвлөлдөж байгаад ургийг төрүүлэхгүй байж болдог. Жирэмслэлтийг таслан зогсооно гэсэн үг л дээ.
Оюуны хомсдолтой иргэддээ манай улс эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг юм бэ?
Эрүүл мэндийн анхдагч болон хоёр дахь, гурав дахь шатлалын тусламж үйлчилгээ гэж байдаг. Гурав дахь шатлал бол тухайн өвчнийг оношилж, зэргийг нь тогтоох явдал. Харин хоёр дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээ нь тухайн өвчтөнд шаардлагатай эмчилгээ, сувилгааг үзүүлэхийг хэлдэг. Бид үүнийхээ дагуу л шаардлагатай эмчилгээг хийж, арга хэмжээг авдаг даа.Хамгийн эхэлж танай хүүхэд оюуны хомсдолтой байна гэдгийг нь хэлэхэд эцэг, эхчүүд их хүндээр эмзэглэж хүлээж авдаг. Бидний хувьд тухайн хүүхдийг яаж нийгмийн харилцаанд оролцуулах уу, хүүхдийн өөрийнх нь боломжийг ашиглаж хэрхэн хөгжүүлж, сургах уу гэдэг талаас нь анхаарал хандуулдаг. Бүр хүнд хэлбэрийн оюуны хомсдолтой хүн бол нийгмийн харилцаанд оролцох ямар ч боломжгүй. Ийм өвчтөнүүдийн хувьд заавал хэн нэгэн хайртай дотныхоо хүний асаргаанд байх хэрэгтэй болдог. Харин хөнгөн хэлбэрийн оюуны хомсдолтой хүмүүсийн хувьд бид нар аль болох оюун ухааны чадамж, хурд төдийлөн шаардаад байхааргүй хөнгөн хэлбэрийн ажил хийлгэх, хөнгөвчилсөн тусгай сургалттай сургуульд сургах гэх мэт арга хэмжээг авдаг. Нийслэл хотын хувьд хэд хэдэн тусгай сургалттай сургууль үйл ажиллагаагаа хангалттай хэмжээнд явуулж байгаа. Харин хөдөө орон нутгийн хувьд ийм сургууль байхгүй байгаа нь бодит үнэн.
Оюуны хомсдолтой хүмүүст хандах манай нийгмийн хандлага ямар хэмжээнд байгаа гэж та үзэж байна вэ?
Нийгмийн хандлага сүүлийн үед арай илүү эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа. Ер нь бол ийм өвчтэй хүмүүст нэр хоч өгөхөөс эхлээд ад шоо үзэх хандлага гардаг нь үнэн.Үүнээс болж оюуны хомсдолтой хүмүүсийн зүгээс буцаад нийгэмдээ өширхсөн хандлага гаргах байдал сүүлийн үед нэлээн ажиглагдаж байгаа. Ийм өвчтэй хүмүүс гэм хэрэгт холбогдсон тохиолдол ч нэг бус гарсан.Оюуны хомсдолын хөнгөн хэлбэртэй хүмүүс зан аашийн хувьд өөрт нь итгээд даалгасан ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, бусад шиг хуурч мэхэлдэггүй хүмүүс байдаг. Тийм болохоор би байгууллага удирдаж байгаа удирдагчдад хандаж ийм хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүсийг ажил албандаа авч ажиллуулах юм бол тэд захирал таны хамгийн итгэлтэй, найдвартай, элдэв зүйл өөдөөс чинь шаардаж, тайлбар тавьдаггүй туслах чинь байж чадна гэдгийг хэлмээр байна. Уг нь бол манай улсын хөдөлмөрийн хуулинд албан байгууллагын нийт ажилтнуудын таваас доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах талаар хуульчилж өгсөн заалт байгаа шүү дээ.
Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхэдтэй ажиллаж байгаа багш хүнийг бусад багш нараас илүү их урамшуулах ёстой юм шиг ээ?
Сургууль, цэцэрлэгийн багш нар үнэхээр мундаг мэдрэмжтэй байж чадах юм бол тухайн хүүхдийг багад нь оношлоод, тэр хэрээрээ шаардлагатай тусламжийг цаг алдалгүй авч, зөв зам руу нь чиглүүлж өгөх боломжтой. Тиймээс би багш нартаа хандаж танай ангид оюуны хомсдолтой хүүхэд байгаа бол эрт илрүүлэх нь чухал. Мөн тухайн хүүхдийг илрүүлснийхээ дараа болж өгвөл бусад хүүхдүүдтэй хамт сургаж, хүмүүжүүлж, нийгмийн харилцаанд оролцох чадвартай хүн болгооч гэж хүсмээр байна. Бүр хүнд хэлбэрийн оюуны хомсдол биш л бол хэдэн жилдээ энгийн хүүхдүүдтэй хамт нэг ангид сургаад, явцыг нь ажигладаг байгаач. Тэгээд бүр болохгүй бол тэр тусгай сургууль руу нь шилжүүлж болно шүү дээ гэж хэлмээр байна.
Оюуны хомсдолын талаар хийсэн хамгийн сүүлийн үеийн ямар судалгаа, шинжилгээний ажил байна вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар эхийн сэтгэл зүйн байдал хүүхэд оюуны хомсдолтой төрөхөд нөлөөлдөг байж болзошгүйг тогтоосон.Тиймээс би эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг үгийг энд онцолж хэлмээр байна. Сэтгэл зүйн маш хүнд дарамттай байсан хоёр ээж дээр хийсэн тандалт судалгаагаар хоёр эх хоёулаа оюуны хомсдолтой хүүхэд төрүүлсэн байх жишээтэй.Эндээс ээж хүн хүүхдээ төрүүлэх явцдаа сэтгэл зүйн хувьд амар тайван байхаас гадна хүчирхэг, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.
Ээжүүдээс гадна нийгэмд, хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?
Манай монголчууд их сайхан уламжлалтай ард түмэн. Өөрсдийнхөө есөн үеийг мэдэж, ургийн баяраа тогтмол хийж, үүгээрээ цус ойртолтоос сэргийлсээр ирсэн. Энэ уламжлалаа таслалгүй авч явах хэрэгтэй гэж хэлье. Сүүлийн үед утаа аюулын түвшинд хүрчихлээ. Тиймээс амны хаалт буюу маскыг байнга зүүж, хүүхдүүдээ, бас жирэмсэн эхчүүдээ болж өгвөл энэ хортой утаанаас хол байлгаач ээ гэж зөвлөе.
Дээр нь удам зүйн шинжилгээг гэр бүлдээ хийлгэдэг болох хэрэгтэй. Гэр бүл болж байгаа залуус бие биеийнхээ удам судрыг шинжиж, судалдаг болмоор байна. Ингэж байж бид удмын өвчнөөс сэргийлж чадна.
Ээж нар, эмэгтэйчүүд, тэр дундаа өсвөр насны охидууддаа хандаж архи, тамхи зэрэг хорт зуршлаас ангид байхыг уриалъя . Ганц хоёр удаа шохоорхоод хэрэглэж болно. Гэвч та нар бол энэ улс орны ирээдүйг өсгөж бойжуулах эх хүн шүү гэдгээ ойлгож ухаараач. Эх хүн, эмэгтэй хүн эрүүл байх ёстой. Тэгж байж бидний үр хойч ирээдүй маань эрүүл байна шүү дээ.
Эх сурвалж: Tusgal.mn