Хоёр жилийн өмнө шалгагдаж 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн Хөгжлийн банк өнөөдөр улс төрийн шинэ сэдэв болж эхэллээ. Тус банкнаас илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зээлийн зөрчлүүд, зээлийг тараасан он, сар, цаг мөчүүд Шударга бусын хонгилын тухай хүүрнэн ярьж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тараагдсан гэдгээрээ онцлогтой.
Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулахдаа Эдийн засгийн хөгжлийн яам хэмээх нэртэй цоо шинэ нэртэй, ажил үүрэг нь Сангийн яам болон Үйлдвэр худалдааны яам гэх мэт хэд хэдэн яамны ажилтай давхацсан яамыг байгуулж байв.
Яамны сайд Н.Батбаяр харин Эдийн засгийн хөгжлийн яамны харъяандаа Хөгжлийн банкийг татан авчирч энэ банкны захирлаар өөрийн туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг томилон ажиллуулж байсан юм.
2016 онд УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газар эдийн засгийн үргүй зардал, албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг Хөгжлийн банк, энэ банкаар тараасан бондын мөнгөний үр дүн, үр ашиггүй тараалтаас эхлүүлсэн бөгөөд энэ шалгалтын үр дүнд 1.3 их наядын зөрчил илэрсэн нь энэ юм.
Шалгалтаас хойш тоймтой үр дүн гараагүй. Форутна Н.Батбаярын авилгын хэрэг, Хөгжлийн банкны захирал асан Г.Мөнхбатын авилгын хэрэг, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын авилгын хэрэг гэх мэт өнөөдөр шүүхэд очсон байгаа хэргүүдийг эс тооцвол бондын мөнгөний зээлээс алдагдсан 1.3 их наяд төгрөгөөс хэн хэдийг аваад, хэзээ төлж барагдуулах вэ гэдэг мэдээлэл хомс, ерөнхийдөө түгжигдмэл байдалд орчихоод байгаа.
Сэдвийг харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тун сүрхий барьж авч байх шиг байна. Сонгууль дөхсөн сар, өдрүүдэд, нийгэм У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн найр шиг хүртсэн ЖДҮ-ийн зээлийн яриаг мартуулах хүсэл МАН-д бий.
Ийм улс төрийн даалгаварыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авсан байж болзошгүй. Гэхдээ даалгавар авсан байх эсэх нь тийм ч сонин биш. Гол нь үргүй зээлийн баримтуудаар шоу хийх биш, алдагдлыг эргэн төлүүлэх асуудал чухал байгаа.
Ийм цаг үед бас УИХ-ын чуулган завсарласан өдрүүдэд Хөгжлийн банк ба улс төрийн шинэ сэдэв болох нь тодорхой болж байх шиг байна. Энэ нь ЗГХЭГ-ын шинэ дарга Хөгжлийн банкны асуудлыг шүүрэн авч байгаа байдлаас харагдаж байгаа юм. Гэхдээ шинэ дарга улс төрийн хүрээнд шоу тоглолт хийж, популимз үнэртүүлсэн гэсэн олны тодорхойлолтод ямар хариулт барих бол?
Хөгжлийн банкны сэдэв поп улстөрчдийн хөөсрүүлсэн хоосон сэдэв байх уу, эсрэгээр үр дүнгүй зээл гэсэн тодорхойлолттой хөрөнгийг буцаан олж ирэх арга зам болох уу. Хариултыг анхааралтай хүлээцгээе.