​ЖДҮ-чид ЖДҮ-ийн тухай

Ерөнхий сайд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг даруйхан зээлээ барагдуулж дуусгаж, олон нийтээс уучлал гуй гэдэг үүргийг өгсөн. Гэхдээ ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий 11 гишүүн албан ёсоор олон нийтээс уучлал гуйгаагүйгээр барахгүй зарим нь ном журмын дагуу тус сангаас зээл авсан гэдгээ чуулганы индэр дээрээс мэдэгдээд байгаа. Намрын чуулганы сүүлийн өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ “ЖДҮХС-гаас гишүүд зээл авсан асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах хөзөр болголоо” хэмээн ярьсан юм. Ингээд ЖДҮХ-гаас зээл авсан гишүүд ЖДҮХС-гийн зээлийн талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: ЖДҮХС-гийн зээл гээд сүүлийн хэдэн сар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах улс төрийн хөзөр болгож нэлээд том үйл явдал боллоо. Хуулийн байгууллага шалгаж байна. Шалгалт дуусч байгаа биз. Ил тод нээлттэй сонгон шалгаруулалтад аж ахуй нэгжүүд төсөл хөтөлбөрөө бичээд, барьцаагаа тавиад, хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ тусгагдсан аж ахуйн нэгжүүдээрээ шалгараад тодорхой хэмжээний зээл аваад, улс оронд хэрэгтэй ажлын байруудыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Харамсалтай нь үүнийг улс төр болгож, ЖДҮ эрхлэгчдийг улстөржүүлсэн асуудлууд болж байна. УИХ-ын шинэ дарга хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзаж энэ асуудлыг хурдлуулах хэрэгтэй байна. Хангалттай улс төр боллоо. УИХ-ын нэр хүнд үүнтэй холбоотойгоор хэлээд их хараар будагдлаа. Үүнийг үргэлжлүүлэн улс төр болгох сонирхолтой үйл явдлууд цаашаа ч өрнөх байх. Тиймээс Монгол төрийг тогтвортой байлгах үүднээс асуудлыг яаралтай шалгаад, ил тод болгох цаг боллоо. Бүх зүйл ил тод орсон гарсан хэдэн мөнгөний л гүйлгээ байгаа шүү дээ. Ус, тосыг нь ялгаад олон түмэнд ил болгох хэрэгтэй. Гүжирдлэг, хардлага хэр хэмжээнээс хэтэрсэн. Энд улс төрийнхөө өрсөлдөгчийг харлуулах, намнах үйл явдал хангалттай боллоо. Энэ асуудал шалгагдаад дуусахаар олон зүйл ил болох байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: ЖДҮХС-гийн зээлийг маш их улс төр болгож сэвлээ. Сэвж байгаа хүмүүс нь хэзээ ч хүрз барьж, хөлс гаргаж үзээгүй цагаан гартай хүмүүс байгаа юм. Хамгийн чанга хашгирч байгаа. Магадгүй тэгж ярьснаараа хоолоо олж иддэг байх. Ер нь Монголд ЖДҮ битгий хэл үйлдвэрлэл хөгжөөгүй шүү дээ. Нуран унасан. М.Энхсайханы Засгийн газрын үед гаалийн татварыг тэглэснээс хойш нуран унасан. Тавхан хувийн гаалийн татвартай Монгол Улсын үйлдвэрлэл хөгжихгүй. ЖДҮ-ээс авсан зээлийнх нь 80, 90 хувь нь зөвхөн худалдаанд явдаг юм. Тэндээс боссон үйлдвэрлэл гэж маш цөөхөн. Би үүнийг амьдралаараа мэдэж байна. ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор улстөрчдийг маш их сэвлээ. Энэ дотор Х тайлантай юу ч хийгээгүй компани авсан байж магадгүй. Бас үйлдвэрлэл эрхлээд, хөлсөө гаргаад явж байгаа компани нэг биш байгаа шүү. Тэд давхар хэлмэгдэж байгаа юм. Тэр тусмаа зах зээл багатай орон нутагт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг туулийн хүнд байдаг гэдгийг хэлье. 60 сая малтай хэрнэ баялаг, тараг, сүүгээ гаднаас авч байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: ЖДҮ-ийн зээлийг би зээл гэж бодож л дэмжиж бичиг хийж өгсөн. Ер нь бүгдээрээ цаашдаа хаана, хаанаа бодохгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгож авч байна. Бүгдэнд нь том сургамж болж байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийн компанийг дэмжиж бичиг хийж өгөх үүрэгтэй байдаг. Бичиг хийж өгснөөрөө буруудаж байна. Энд ёс суртахууны асуудал яригдаж байна. Би АТГ-т нэг удаа очиж мэдүүлэг өгсөн.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: ЖДҮХС-гаас миний хамаарал бүхий компани зээл авсан асуудал гарсан. Энэ хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа. Би Монгол Улсын хууль зөрчөөгүй гэж бодож байгаа. Улс төрд 23 жил явж байна. Сүүлийн 15, 16 жил төрийн алба хашч байна. Ямар нэгэн байдлаар авлига хээл хахуульд орооцолдож улс орныхоо нэр хүндийг, намынхаа нэр хүндийг хутгаагүй. Гэхдээ энэ сангийн зээлийн асуудлыг нэг талаасаа улстөрчид өдөөсөн. Нөгөө талаасаа олон нийт ч гэсэн энэ асуудалд нэлээд ач холбогдол өгсөн учраас Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Эх сурвалж: itoim.mn

One thought on “​ЖДҮ-чид ЖДҮ-ийн тухай

  1. Нэргүй 2019-02-13 14:56 at 14:56

    Vg duugui hylgaizidad zohih shiitgeliig edlyyl

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн