Нөхөн сонгуульд 17 450 иргэн саналаа өгнө

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар өнөөдөр (2019.02.12) мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос тус тойргийн нөхөн сонгуулийг явуулах тухай хүсэлт болон товыг 2018 онд УИХ-д хүргүүлж байсан ч Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэний улмаас хойшлогдохоор болсон юм. Улмаар УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийг энэ сарын 10-ны өдөр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтоол батлаад буй.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр (2019.2.11) Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 27-д нь, мөн сонгуультай холбогдож, хуулийн дагуу үүрэг хүлээн ажилладаг албан газруудад нөхөн сонгуулийн талаарх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна. Хуульд заасны дагуу Улсын дээд шүүхэд сонгууль болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас үлдсэн гурван намд зөвлөмж хүргүүлээгүй байна.

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Харин сонгуульд оролцох нэр дэвшигч болон сонгуульд оролцож буй намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газраас нөхөн сонгууль явагдахаас 120 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын нэгний өдөр гэхэд тогтоосон байх болно. Бусад сонгуулийн үйл ажиллагаанууд Сонгуулийн тухайн хуулийн дагуу явагдах юм.

Хэнтий аймагт явагдсан 2016 оны сонгуульд 16 459 иргэн оролцож байсан ба тухайн үед сонгуулийн ирц 80 хувьтай байсан бол энэ удаагийн сонгуульд Улсын бүртгэлээс ирүүлсэн мэдээллийн дагуу сонгуулийн насны нийт 17 450 иргэн бүртгэлтэй байгаа аж. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно. Нөхөн сонгууль болох тус аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан гэсэн гурван суманд нийт 21 хэсэгт санал хураалт зохион байгуулж, санал хураалтын ажлыг 500 гаруй хүний тусламжтайгаар явуулах юм байна.

Төрийн албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, болон төрийн өмчийн оролцоотой компанийн захирал, дэд захирал гэсэн нэр бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор тухайн нэр дэвших сонирхолтой байгаа хүнийг томилдог албан тушаалтанд өргөдөл гаргах тухай өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан учир нөхөн сонгууль явуулах ажлыг ийнхүү түргэвчлэн зохион байгуулахаар болсон гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тиймээс нэр дэвших албан тушаалтнууд энэ Баасан гарагт буюу энэ сарын 15-ны өдрийн дотор Сонгуулийн хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн томилдог албан тушаалтанд хүргүүлсэн байх шаардлагатай байгаа юм.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн дотор дуусгавар болно. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх учиртай. Харин бие даан нэрээ дэвших бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн