Хадгаламжтай болох нь танд болон танай гэр бүлд гэнэтийн асуудал (эмчилгээний зардал гэх мэт) тулгарах үед санхүүгийн хамгаалалт болно. Мөн ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэх (боловсрол эзэмших, бэлэг хандив өгөх, аялалаар явах), төлөвлөж буй зүйлсийг (орон байр, машин, тавилга гэх мэт) худалдан авах боломжийг олгоно. Хадгаламжаа тогтмол нэмэгдүүлж, өсгөх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
Мөнгөө зөв удирдаж сурах;
Гэнэтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломжтой байх;
Ирээдүйд гарах хэрэгцээг хангах чадвартай байх;
Зээл бага авах, хүүний нэмэлт зардал гарахаас сэргийлэх;
Санхүүгийн талаар сэтгэл бага зовох;
Нэмэлт орлого олох гэх мэт (жишээлбэл, хадгаламжийн хүүний орлого).
Хуримтлалын (хадгаламжийн) төлөвлөгөө гаргах
Хуримтлалын зорилго өмнөө тавьж, зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:
Зорилгоо тодорхойлох: Та өөрийн амьдралын болон санхүүгийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон үедээ хэрэгцээт зардлыг төлөх чадвартай болох.
Зорилгодоо хүрэхийн тулд нийт хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах шаардлагатайг тооцно. Жишээлбэл, хүүхийнхээ их сургуулийн сургалтын төлбөрийг төлөхөд нийт 10.0 сая төгрөг хэрэгтэй болно гэх мэт.
Долоо хоног эсвэл сард хичнээн хэмжээний мөнгө хадгалах боломжтой, хэдий хэр хугацааны турш хадгалахаа тооцоолоорой. Та хэдэн төгрөг хадгалах боломжтойгоо тооцох хэрэгтэй. Та 900000 төгрөгийн үнэтэй компьютер худалдаж авахыг зорьж мөнгө хадгалахаар боллоо гэж бодъё л доо. Тэгвэл та 9 сарын турш сар бүр 100000 төгрөг, эсвэл, 18 сарын турш сар бүр 50000 төгрөг хадгалж болно.
Та сард хэдэн төгрөг хадгалах боломжтой, мөн хэдий хэр хугацааны турш хадгалахыг хүсэж байгаагаас хамаарч (дээрх жишээгээр, тухайн компьютерийг хэзээ худалдаж авахыг хүсэж байгаа) шийдвэр гаргах хэрэгтэй. Та хадгаламжийн төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаагаа дүгнэж, өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл, шаардлагатай гэж үзвэл, зорилгодоо хүрэхийн тулд долоо хоног бүр, сар бүр хадгаламждаа хийх мөнгөнийхөө хэмжээг өсгөж болно. Хэрэв төлөвлөсний дагуу тухайн хэмжээний мөнгийг хадгалахад хэцүү байвал, төсвөө хянаж, ямар хэмнэлт хийж хадгалах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж болохыг судлаарай. Та гэр бүл, найз нөхөддөө хичнээн хэмжээний мөнгө хадгалах зорилт тавьж байгаа тухайгаа хэлж, зөвлөж болох юм. Энэ нь танд хадгаламжийн төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө хадгалах урам зоригийг өгөх болно.
Эх сурвалж: Санхүүгийн боловсрол