Э.Баярбаясгалан: Нэгдүгээр сард гэхэд хориглосон газарт тамхи татсан 151 иргэнийг торгосон

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Зөрчлийн тухай хуулинд тусгагдсан зарим онцлох заалтууд болон зөрчилд тооцогдох үйлдлүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урдьчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцаж, тодорхой мэдээлэл авлаа.

-Юун түрүүнд гэмт хэрэг, зөрчил гэдэг ойлголтын ялгааг товчхон тайлбарлаж өгөхгүй юу?

-Гэмт хэрэг гэдэг бол Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан 210 төрлийн гэмт үйлдлүүдийг хэлдэг. Харин нийгмийн харилцаанд зохицуулахаар заасан, захиргааны хэм хэмжээний актуудыг зөрчиж байгаа үйлдлүүдийг зөрчилд тооцох юм. Товчхондоо Зөрчлийн хуулиар “зөрчил” гэж заасан тэр үйлдлүүдийг зөрчил гэж ойлгоно.

-2018 онд нийслэлийн хэмжээнд хэчнээн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бэ. Зөрчлийн хуулийн талаар иргэд хэр ойлголт, мэдээлэлтэй байна?

-2018 онд 121 мянга 144 зөрчил үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байгаа юм. Аливаа асуудлыг хоёр талаас нь авч үзэх нь зүйтэй. Нэг талаас иргэдийн хувьд эрх зүйн боловсрол сүүлийн жилүүдэд маш их дээшилсэн. Би яавал зөрчил болох вэ, ямар үйлдэл хийвэл гэмт хэрэг болох вэ гэдгийг сайн ялгадаг болсон. Нөгөөтэйгүүр Зөрчлийн тухай хуулийг иргэд зарим талаараа төвөгтэй байна гэж шүүмжилж байгаа ч өмнөх Захиргааны хариуцлагын тухай хуулиа бодвол маш нарийн зохицуулалттай, давуу талтай хууль болсон. Жишээ нь, өмнөх Захиргааны хариуцлагын тухай хуулинд хулгайлах, танхайрах, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх гэх мэт зөрчил, мөн Эрүүгийн хуулинд ч хулгайлах, танхайрах, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх гэх мэт гэмт хэрэг тусгагдсан байсан. Энэ байдлаас болж иргэдийн дунд танил талтай хүмүүс нь зөрчил болгож шийдүүлээд, танил талгүй нь гэмт хэрэг болгочихлоо гэх асуудал үүсч, энэ хоёр бол нэг ойлголт гэсэн маргаан хамгийн их гардаг байсан юм.

Харин Зөрчлийн хууль гарч ирэхдээ энэ хоёр ойлголтыг ялгадаг болсон. Юуг зөрчил, алийг нь гэмт хэрэг гэх вэ гэдэг томъёоллоо тайлбарласан байгаа. Тухайлбал, Зөрчлийн хуулинд бага бус хэмжээний хохирол учруулбал буюу 0-300 мянган төгрөгийн эд зүйл хулгайлбал зөрчил гэж үзнэ. Дээр нь баривчлах ял шийтгэл хүлээлгэх санкцтай. Эрүүгийн хуулиар бол 300 мянган төгрөгөөс дээш хэмжээний хохиролтой бол гэмт хэрэг гэж үзэх жишээтэй.

Манайд нэг алдаа байсан. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг. Хулгайч болсных нь дараа барьж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан. Тэгэхээр өмнөх хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгуулиад л явдаг, эрүүгийн хариуцлага хүлээхгүй маш олон хулгайч нар байсаар байж. Тэгвэл одоо зөрчил гэж үзээд шууд баривчилна. Энэ бол давуу тал.

-Зөрчлийн хуулинд нийт хэчнээн үйлдлийг зөрчилд тооцож байгаа вэ?

-Урьд нь салбар болгоноор зохицуулсан 408 хуулийн хамгийн сүүлд нь хүлээлгэх хариуцлагыг тусгадаг байсан. Тэр бүгдийг шалгаж байсан хүмүүс нь ч тус тусдаа байсан. Харин одоо бол тэрхүү 408 хуулинд заасан хариуцлагуудыг нэгтгээд Зөрчлийн тухай хуулинд 625 зөрчлийг тусгаж, бүгд зөрчил гэдэг нэг хэм хэмжээг л ойлгоно. Мөн ямар нэг зөрчил бүртгэгдлээ гэхэд эхнээсээ л прокурорын нэгдсэн бүртгэлд ордог болсон. Энэ нь тухайн зөрчил хуулийн дагуу шалгагдаж байна уу, төрийн албан хаагчийн дураараа авирлаж байгаа авир байна уу гэдэг дээр прокурор хяналт тавьж байгаа гэсэн үг юм. Зөрчил болгоны ард прокурор хяналт тавьж байна гэдэг бол асуудал шударгаар шийдэгдэнэ гэж ойлгож болно.

Энэ хууль бас тайлбартай болж өгсөн. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан зөрчлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол гээд үйлдлүүдийг зодсон бол, бусадтай харилцах эрхийг хязгаарласан бол гэх мэтээр тайлбарлаад доор нь, гэхдээ энэ үйлдлүүд заагдаагүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн үйлдлүүд бүгд энэ зөрчилд орно шүү гээд заагаад өгсөн. Энэ бол хуулийг тайлбарлаж байна гэсэн үг. Тэгэхээр дотор нь байгаа хоёр үйлдлээс бусад нь зөрчил биш юм байна гэж ойлгож болохгүй, хүчирхийллийн бүх хэлбэрүүд энд хамааралтай юм байна гэж ойлгох юм. Энэ нь хуульчдын зөрүү, буруу ойлголтыг арилгасан.

-Зөрчил гаргасан тохиолдолд хэдий хугацаанд асуудлыг шийдвэрлэх ёстой вэ. Хуулийн хугацаа бий юу?

-Нэгэнт зөрчил үйлдсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэнэ. Энэ ажиллагаа нь тухайн зөрчил үйлдсэн этгээд дээр зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа асуудал. Үүнийг 14 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Энгийн жишээгээр тайлбарлах юм бол, гудамж талбайд нус цэрээ хаясан зөрчлийг камерын хяналтаар баталгаажуулаад торгууль ногдуулна. Харин тухайн хүн шүлсээ хаяснаа хүлээн зөвшөөрөхгүй байвал хаясан нус цэрийг нь шинжлэх, үйлдлийг нь камераар баталгаажуулах, гэрчийн мэдүүлгүүдээр нотлох гэх мэт ажиллагаануудыг хийх хугацаа нь 14 хоног юм. Энэ бол тухайн зөрчлийг хэдэн талаас нь бодитоор тогтоож байгаа шалгалтын ажил.

-Нус цэрээ хаясан тохиолдолд хариуцлага ногдуулсан тохиолдлыг сонсож байгаагүй юм байна. Үнэхээр хүмүүс торгуульдаг юм болов уу?

-Энэ бол цагдаагийн байгууллагад хамгийн их бүртгэгддэг зөрчил. 10 мянган төгрөгийн торгуультай. Олон нийтийн газар зүй бусаар бие авч явсан гэж Зөрчлийн тухай хуулийн 5.1-д заасан байгаа. Олон шинэ зөрчил хуулинд тусгагдсан байгаа.

-Хүмүүс тэр болгон анзаардаггүй, эсвэл үл ойшоох хандлагатай байж мэдэх ямар үйлдлүүд хуулинд шинээр орж ирсэн байгаа вэ?

-Хуулинд тусгагдсан бас нэгэн шинэ зөрчил бол хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх гэдэг зөрчил. Яагаад энэ үйлдэл зөрчил болсон бэ гэхээр хуучин болон шинэ Эрүүгийн хуулинд хар тамхи, мансууруулах бодисыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн, борлуулсан, биедээ авч явсан бол гэмт хэрэг гэж тооцсон мөртлөө өөрөө хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж байдаггүй байсан. Тэгэхээр энэ цоорхойг нөхөөд, хэрэв өөрөө хэрэглэсэн бол шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлахаар болсон.

Мөн нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах гэдэг зөрчлийг оруулж ирсэн /Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл/. Энэ нь зөвхөн нийтийн эзэмшлийн орон сууцны иргэдэд хамааралтай, харин гэр хороололд амьдардаг иргэдэд хамааралгүй. Нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг иргэд 22:00-06:00 цагийн хооронд чанга дуу чимээ гаргах, хөршүүдээ амраахгүй байгаа бүх л зөрчлүүд орно. Энэ тохиолдолд иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгоно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, хүний биед халдах зэрэг нь бас шинэ зөрчил, гэх мэтчилэнгээр маш олон зөрчлийг хуулинд тусгасан байгаа. Мөн хүний биед халдах гэдэг зөрчилд гэмтэл учруулахгүйгээр халдах зөрчлүүд орно. Жишээ нь, алгадах, цохих, үсдэх гэх мэт гэмтэл учруулахгүй ч биед халдсан үйлдлүүд багтана. Өмнө нь гэмтлийн зэрэг учруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээдэггүй байсан.

-Зөрчлийн тухай хуулин дахь хөөн хэлэлцэх хугацааны талаар иргэд тэр болгон мэдэхгүй байх. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Хэрвээ хуулийн хариуцлага нь 10-500 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар заасан зөрчил үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сар байна. Жишээ нь тухайн зөрчлийг 2019 оны хоёрдугаар сарын 12-нд үйлдсэн бол наймдугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд арга хэмжээ авч болно гэсэн үг. Мөн 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгуультай зөрчил үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил. 10-20 сая төгрөгийн торгуультай бол хөөн хэлэлцэх хугацаа нь 2 жил байна.

Хуулийн этгээдийн тухайд өмнө нь ямар нэг арга хэмжээ авдаггүй байсан бол одоо байгууллагад нь хариуцлага хүлээлгэдэг болсон. Тэгэхээр ерөнхийдөө хуулийн дагуу иргэнийг 10 000-20 сая хүртэлх төгрөгөөр торгохоор заасан бол хуулийн этгээдийг 100 000-200 сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалт бий.

-Хөөн хэлэлцэх хугацаа, шалган шийдвэрлэх хугацааг энд дахин ялгаж тодруулахгүй юу?

-Зөрчил үйлдэгч өөрөө зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх хугацаа нь 14 хоног юм. Харин хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь хариуцлага тооцох дээрх хугацааг ойлгоно.

-Зөрчил гэхээр хүмүүс баривчлахгүйгээр зөвхөн торгууль ногдуулна гэж ойлгох байх. Зөрчлийн хуулинд баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан хэдэн заалт байгаа юу?

-Хуулинд баривчлах шийтгэлтэй найман зөрчил байгаа. Баривчлах шийтгэлийг оноосон бол албадан сургалтад хамруулна. Ингэхдээ сэтгэл зүйн, эрх зүйн, бясалгалын хичээлүүд ордог болсон.

-Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж буй иргэдийг насны хувьд авч үзвэл дийлэнх нь хэд орчим насны хүмүүс байна вэ?

-Зөрчил үйлдэж байгаа хүмүүс ихэнхдээ залуу хүмүүс байдаг. 18-35 насныхан ихэвчлэн зөрчил үйлдэж байна. Гэхдээ ямар зөрчлөөс бас шалтгаална. Тухайлбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам зөрчиж байгаа хүмүүс жолооч нар учраас насны хувьд харьцангуй өөр байх жишээтэй. Хулгайлах зөрчлийг ихэвчлэн залуухан хүмүүс үйлддэг. Зөрчил дээр халаасны хулгай их орж ирдэг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нас залуу хүмүүс энэ зөрчлийг үйлдэж байна.

-Гар утасны хулгай нийгэмд маш их байдаг. Ямар тохиолдолд зөрчилд, эсвэл гэмт хэрэгт тооцогдох вэ?

-Энэ бол бага бус хэмжээнээс буюу хохирлын хэмжээнээс шалтгаална. Үүнийг тодорхой хэлэх боломжгүй байна. Харин нэг зүйлийг дурдахад, өмнөх хуулиар орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайн хохирлын хэмжээ бага байвал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй байсан юм. Харин одоо бол орон байранд нэвтрэлттэй үйлдлээр хулгай хийсэн бол хохирлын хэмжээнээс үл хамаарч энэ үйлдэл шууд гэмт хэрэг болно.

-Зөрчлийн хуулийг зөрчилтэй болсон гэж үзэх иргэд цөөнгүй байдаг л даа. Цагдаагийн байгууллагад иймэрхүү асуудлаар иргэдийн зүгээс гомдол гаргаж ирдэг үү?

-Ийм асуудал огт гарч байгаагүй. Хэрэв хандахаар бол тухайн зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа алба хаагч, байцаагчийн удирдах албан тушаалтан буюу тасаг, хэлтсийн даргад нь гомдол гаргаж болдог. Мөн хяналт тавьж байгаа прокурорт нь хандаж болно. Тэгвэл яагаад ийм гомдол гардаггүй вэ гэхээр зөрчил үйлдэгч нь хууль хяналтынхны зүгээс тайлбарлаж өгсөн бүх л эрхээ эдэлж, бүрдүүлсэн нотлох баримт, материалыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцлагаа хүлээдэг гэсэн үг.

-Зарим зөрчил дээр хариуцлага тооцдоггүй, хууль хэрэгждэггүй гэсэн шүүмжлэлүүд бий. Жишээлбэл, олон нийтийн газар буюу утаат тамхи татах хориотой газар хүмүүс тамхи татаж байгаа дүр зураг одоо ч нийтлэг хэвээр байна. Хаа сайгүй нус цэрээ хаясан хүмүүс явж л байна. Энэ төрлийн зөрчлүүдэд хангалттай хариуцлага тооцож чадахгүй байгаа юм болов уу гэсэн эргэлзээ төрдөг юм. Хариуцлага тооцсон тоо баримтаас дурдвал?

-Зөрчлийн тухай хуулийн 6.3-т энэ төрлийн зөрчлийг тусгасан байгаа. Нөгөө талаас иргэдийн мэдээлэх үүрэг нь хангалттай байх ёстой. Иргэдийн мэдээллийн дагуу хүмүүст арга хэмжээ аваад байвал зөрчил буурах нь тодорхой. Утаат тамхийг хориглосон газарт тамхи татсан, эвсэл татах боломжийг олгосон бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох заалттай.

Нэгдүгээр сарын байдлаар утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан 151 иргэнийг торгосон байна. Хүмүүст хэрэгжихгүй байгаа мэт харагдаж байгаа боловч өөрсдөө мэдээлэх тал дээр бас хойрго ханддаг.

-Иргэд зөрчлийг ямар байдлаар мэдээлж болох вэ?

-Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг 102 дугаарт мэдэгдэнэ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ 1800-1102 дугаарт мэдээлж болно. Мөн өргөдөл гаргаж болно. Ямар ч хэлбэрээр цагдаагийн байгууллагад хандаж болно.

-Мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.

7 thoughts on “Э.Баярбаясгалан: Нэгдүгээр сард гэхэд хориглосон газарт тамхи татсан 151 иргэнийг торгосон

  1. Балт 2019-02-12 12:15 at 12:15

    Таслан зогсоогдох хэмжээнд хууль мөрдөгдөхгүй, мөрдүүлэхгүй байна

    Хариулах
  2. Зоч 2019-02-12 15:58 at 15:58

    монголын хууль з хоног гэдэг үлгэр.нус цэрээ хаясан нийсэн хүмүүс битүү бна даа. Хуулиа суртхлчлах нь бага бна

    Хариулах
  3. Зочин 2019-02-12 15:58 at 15:58

    монголын хууль з хоног гэдэг үлгэр.нус цэрээ хаясан нийсэн хүмүүс битүү бна даа. Хуулиа суртхлчлах нь бага бна

    Хариулах
  4. Н 2019-02-12 19:39 at 19:39

    Автобуснд жолооч нь тамхи татаад явж байгааг ямар утсанд хэлэх вэ

    Хариулах
  5. Нхаашо 2019-02-12 19:40 at 19:40

    Автобуснд жолооч нь тамхи татаад явж байгааг ямар утсанд хэлэх вэ

    Хариулах
  6. Иргэн 2019-02-12 22:05 at 22:05

    Автобусны буудал дээр бүх насны хүмүүс автобус хүлээгээд зогсдог Гэтэл тамхичид хээв нэг тамхиа татаад л зогсож байдаг Үүнийг яаж таслан зогсоох вэ Татах ёстой газар нь юмуу Үгүй юм бол буудал дээр тамхигүй орчин бий болгож өгөөч Дэмий л нэг ам хамраа дарж зогсож байна

    Хариулах
  7. хотын иргэн 2019-02-13 09:48 at 09:48

    Хүний урд алхаад хээв нэг тамхи татаад явдагийг торгодог бол торгоод эхлэмээр байна. дам тамхидалтад том бага хүүхэд хөгшидгүй өртөх юмдаа

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн