Өнгөрөгч онд Хятадын эрдэмтэн хүний ДНК буюу генид засвар хийх замаар ДОХ, хорт хавдраар хэзээ ч өвдөхгүй гэсэн тодотголтой хоёр ихэр охиныг хорвоод мэндлүүлснээ зарласан билээ. Хэдийгээр тус улсын эрх баригчид уг туршилтыг хийсэн эрдэмтэн Хэ Жанкуй гэгчийг хүний амьдралын жам ёсыг зөрчсөн хэмээн үзэж гэрийн хорионд хийгээд байгаа ч нанхиад эрдэмтэд дахин нэг шуугиан тарихуйц туршилтыг амжилттай хийлээ. Энэ удаад Шанхай хотын Нейрологийн шинжлэх ухааны институтийн эрдэмтэд хүний биш, харин сармагчны генид засвар хийснээ дэлхий дахинд зарлалаа.
Хятадууд макако үүлдэрийн сармагчны ДНК-д засвар хийх замаар тархин дахь нойрны горимд нь өөрчлөлт оруулсан бөгөөд ингээд зогсохгүй уг сармагчнаа эсийн буюу колонийн аргаар хувилж нэлээд олон моншийг гаргаж авчээ. Зурган дээр харагдаж буй тархин дахь унтаж амардаг эд эсүүдэд нь хүчээр өөрчлөлт оруулсан эдгээр сармагчныг цаашид судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах юм.
Шинжлэх ухаанд бас нэгэн цочир сонин нээлт болж чадсан энэхүү туршилтын үр дүнд альцгеймер болон мэдрэлийн бусад төрлийн өвчнүүдийн эсрэг тэмцэх шинэ, үр дүнтэй аргыг олж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Уг туршилтыг амжилттай хийхийн тулд Хятадын засгийн газраас 720 сая юань буюу 106 сая ам.доллар зарцуулснаас үзвэл энэ төрлийн шинжлэх ухааны нээлтийг тус улсын эрх баригчид наанаа буруушаасан дүр эсгэчихээд цаанаа ихэд хөхүүлэн дэмжиж буй нь илт байна хэмээн Time сэтгүүлд бичжээ. Ийнхүү дараалсан хоёр туршилтаараа манай өмнөд хөршийнхөн генийн инженерчлелийн салбарт америкчуудаас илүү гарсан гэдгээ баталж чадлаа.
Эх сурвалж: Nature.com, Time.com
1 comment
Унтдаггүй цэргүүдтэй болж дээ хөөрхий