Цагаан сарын өдрүүдээр давхарлаж тавьсан ууцны зураг цахим орчинд олны анхаарлыг их татаж багагүй асуудал, шүүмжлэл дагуулах нь бий. Тэгвэл давхар ууцны учрыг тольдоно уу.
Ууц давхарлах ёс болвоос баруун монголын баяд үндэстний ёс жаяг аж. Өрх тусгаарлаж гарсан, гал голомт залгуулах хөвгүүд нь шинийн нэгний өглөө аав ээждээ чанасан идээ шүүстэйгээ ирж золгодог өнө эртний ёс байдаг юм байна. Мөн нагацын талын хамгийн ахмад хүнтэй золгохдоо ууц давхарлаж хүндэтгэлээ илэрхийлдэг аж. Дүү нар нь идээ шүүстэйгээ очно.
Хамгийн дээд тал нь 7 хүртэл давхар ууц байдаг гэнэ. Насны ойгоо тэмдэглэж байгаа буурайдаа зарим нутгийнхан идээ будаатай золгодог. Тухайлбал ууц шүүс тавьж, дээл, гутал барин золгодог байна. Энэ бол хүндэтгэлийн нэг хэлбэр болохоос баярхал хэнээрхлийн зүйл огт биш.
Хүүгийнхээ, хүргэнийхээ, дүүгийнхээ барисан ууц шүүсийг аваад хойш тавилгүй хүндэтгэлийн ширээндээ тавьж хүндэтгэлийг хүндэтгэлээр хариулдаг нутгийнхны ариун заншил энэ. Үүнээс гадна хонь, адуу гэсэн халуун хошуутай малаар бэлэг барьдаг.
Угсаатан зүй гэдэг нь аль эрт болоод өнгөрсөн зуйлийг л судладаг гэвэл ташаа болно. Одоо цагт ч угсаатнуудын ёс заншил, хувьсал өөрчлөлтүүд үргэлжлэн буй. Түрэг, Хиргис (киргиз), Тува, Тажикуудын ёс заншил одоо ч зарим аймаг, ястны зан үйлд хадгалагдаж л байдаг. Тиймээс ууц, шүүс давхарлах нь бүү хэл бүтэн тэмээгээр боодог хийгээд бүхлээр нь иддэг гэвэл бас л үнэмшмээргүй сонсогдох байх.
Монгол түмний олон овог, угсааны ёс заншлыг бид энд тоочоод барашгүй билээ.