Такси барьсан гадаад улсын иргэд дээрэмдүүлсэн хэрэг хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө гарчээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн саатуулсан байна. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Б, Т нар нь үйлдсэн болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид тогтоожээ.
Гэмт этгээдүүд мөнгө хэрэгтэй болсон учраас гадаад улсын хоёр иргэнийг биеэ авч явах чадваргүй, согтсоныг далимдуулан харанхуй гудамжинд аваачиж, гар утас, мөнгийг нь дээрэмдсэн гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Иймд баярын өдрүүдээр иргэдийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, такси үйлчилгээний компаниар үйлчлүүлэх, удаан хугацаагаар гэрээ орхиж яваа тохиолдолд хаалга, цонхны бүрэн бүтэн байдлыг хангаж хөршийн холбоог сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.