УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр (2019.02.01) Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулсан. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ц.Цогзолмаа гишүүн Боловсролын салбарт хамтран ажиллаж байсан нөхөддөө талархал илэрхийлж, үнэлэлт дүгнэлтээ хэлсэн бол үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан нэгэн захиасыг хэлж үлдээлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Хувь хүнийхээ хувьд улс төрчийн ёс зүйн шийдвэрийг гаргаж энэ асуудал хөндөгдөж байгаа гэдгийг бүх хүмүүс ойлгож энэ асуудалд хандаж байгаад талархалтай байгаа. Миний бие улстөрч хүний хувьд ёс зүйг ажил мэргэжлийн ур чадвараас илүүд тавьсны үндсэн дээр эхэлсэн ажлаа гүйцээхгүй ийм шийдвэр гаргахад хүргэж байгаа учраас салбарынхаа хамт олноос хүлцэл өчье. Үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайдад хичээнгүйлэн хэлэхэд, манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга бол үнэхээр гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах бололцоогүй, хувийн ёс зүй болоод төрийн ажлын дадлага туршлагагүй хүн байгаа учраас энэ томоохон салбарыг зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай хүнээр ТНБД-аар цааш нь үргэлжлүүлэн ажиллах тал дээр онцгойлон анхаарч, өнөөдрийн ажиллаж байгаа Б.Баярсайханыг солихгүй бол энэ салбарын ажил, бодлого явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч ажил өгсөн албан тушаал эрх мэдэл гэж ойлгодог нөхцөл байдалтай миний хувьд ямар нэгэн юм гадагш гаргаж ярихгүйгээр өнгөрсөн хугацааг өнгөрөөсөн. Хувиа хичээх эрх надад байхгүй. Сайдын асуудал яригдаж байгаа энэ үед Ерөнхий сайдыг энэ талаар анхаарч үзээсэй гэж энэ үгийг хэлэхийг хүслээ” гэсэн юм.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь яамны ажлыг цалгардуулж, удирдан зохион байгуулах ур чадваргүй гэсэн үндэслэлээр өмнө нь халагдаж байсан ч эргэн ирсэн байдаг.
Харин энэ удаад шинээр ирэх сайд нь удирдлагын зөрчлөөс болж шийдвэр удааширч, ажлын үр дүн гарахгүй нөхцөл үүсч магадгүй учир өөрийн багаа бүрдүүлэх тухай хүсэлтийг МАН-ын удирдлагуудад ойлгуулсан төдийгүй, хууль зүйн маргаан дахин гаргахгүйн тулд өөрөөр нь өргөдөл өгүүлэхээр тохиролцсон бололтой.