УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 96.9 хувь нь дэмжлээ. Санал хураалтад 65 гишүүн оролцож 60 гишүүний саналаар Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдов. Гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. Харин  О.Баасанхүү Д.Сумьяабазар хоёр татгалзсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Парламентын нэр хүнд энэ төвшинд унаж байсан түүх байхгүй. Нэр хүнд ингэж унасан үед УИХ-ын даргаар ажиллах үүргийг та намын нөхдөөсөө авлаа.Таны хэр ажиллахаас цаашдаа парламентын нэр хүнд шалтгаалахаар боллоо. Та Засгийн газраасаа хараат бус ажиллаарай. ОУ-ын парламентын гишүүн орны хувьд Ёс зүйн дүрмээ ч батлаагүй ажиллаж байна. Намынхаа салж сарнисан нөхдөө цуглуулж, нэг дээвэр дор оруулахыг бодоорой. Хичээж ажиллаарай. Ард иргэд төр төвшин байхыг хүсч байна. Шинээр тавих сайд нараа парламентаас бус гаднаас томилохыг хичээгээрэй. Засгийн газар УИХ-аасаа том болчихсон явж байгаа шүү. УИХ-ын харъяа тусгаа үүрэг гүйцэтгэдэг аюулгүй ажиллагаа явуулдаг байгууллагуудынхаа шинэчлэлийг хийгээрэй.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Нэг хүн аягүй магтагдаад сандал суудал дээр гараад ирдэг. Хэсэг хугацааны дараа тэр хүн шиг муу хүн байхгүй болчихдог. Сая Асгатын мөнгөний ордыг хаалгадаг шигээ зоригтой ажиллаарай гэж хэлмээр байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөгийн нэгийн хувьд нөгөө хоёртойгоо хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Та бол хамгийн эцсийн найдвар. Энэ хавар 500 мянган хүн талбай дээр гарч ирээд жагсах магадлал байгаа шүү. Энд дандаа сандал суудал булаацалдаж байдаг шүү.

УИХ-н гишүүн Д.Хаянхярваа: Төрийн нэр хүнд унасан нь үнэн. Төрийн нэр хүндийг хэн унагаасан бэ. Төрийн нэр хүндийг энд сууж байгаа 76 гишүүнд бид өөрсдөө унагаасан. Бид нэгнийхээ нэр хүндийг унагаасан, дэвсэлсэн. Ажил хариуцаж байгаа хүний чадавх, хамт олныг авч явах чадвар байдаг. Өнөөдөр таны хэлэх үг бүхэн үнэтэй. Тиймээс хэлэх, ярих үгэндээ анхаараарай. Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна гэж хэлдэг. Гэхдээ удирдлагаар нь оролдох буруу гэж бодож байна. Тэр байгууллагад ажиллаж байгаа хууль зөрчсөн хүмүүсийн асуудлыг л ярих хэрэгтэй. Ямар ч асуудалд ултай суурьтай хандах хэрэгтэй. Хүн өөрчилснөөр асуудал шийдэгдэхгүй шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийж чадах уу гэдэгт эргэлзэж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэсэн болгоомжлол төрж байгаа. Үндсэн хууль өөрчилнө гээд ханцуй шамлаад орчихвол буруу тийшээгээ явах вий.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн