УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.02.01) хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын даргаар Г.Зандашатарыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Г.Занданшатар сайд төрийн том хүн болох нь ээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болж байна. Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг Ерөнхийлөгч урьж уулзсан. Тэр дундаас намайг “чи нэг сонгогдсон олигарх бил үү” гэж асууж байгаа юм. Ингэж аманд орсон үгээрээ хүнийг дайрч доромжилдог хүнтэй Та хамтарч ажиллах болж байна. Ийм хүнд дөрлүүлээд явж болохгүй шүү. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрог дээр өрсөлдсөн ялсан, ялагдсан л хоёр. Гэтэл 100 гаруй тэрбумаар зуух шахсан гэж батлагдаж, нотлогдоогүй зүйлээр хүнийг ингэж гүжирддэг хүнтэй та хамтарч ажиллах нь. Цаашдаа Ерөнхийлөгч өөрийн эрх үүрэг, хуулиар, УИХ өөрийн хуулиар явах хэрэгтэй. Монголын төрд Баянхонгорын хоёр хүн байгаа. Нэгдүгээр хүн, хоёрдугаар хүн. Баянхонгорчууд төр барьж байхад хуйвалдаан цэцэглэсэн гэсэн үгийг би сонсмооргүй байна. Монголчууд ч сонсмооргүй байгаа шүү. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, хуулиар зохицуулж хамтдаа ажиллах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-УИХ зэвсэгт хүчний, дээд удирдлагыг хэрэгжүүлдэг. Гэтэл зэвсэгт хүчин удирдлагагүй байна. Энэ бол хугацаа алдах эрхгүй салбар. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Цагаан сараас өмнө яаралтай томилж өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Нэр дэвшиж байгаа хүн ямар их үүрэг, хариуцлага, хүлээлт авч энэ ажилд очиж байгаагаа ухамсарлах ёстой. Нэр дэвшигч Үндсэн хуулийг өөрчилнө гэж хариулсан байна лээ. Ард түмэн ганц Үндсэн хуулийн өөрчлөлт биш маш олон шинэчлэлийг хүлээж байгаа. Ялангуяа эдийн засгийн шинэчлэлийг хийхгүй бол ядуурлыг бууруулж чадахгүй. Танд хэн нэгэнд ач санах, улс төрийн өртэй хүн бий юү?
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ 76 гишүүнээс бүрдэнэ. Нэг хүн бүх зүйлийг өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч би ганцаараа хийж чадахгүй. Тиймээс гишүүдээ уриалмаар байна. Би хэн нэгэнтэй ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ олон жил ажиллахад би ямар ч хүнтэй зарчим л баримталж ажиллаж байсан.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-1970-аад оныхонд итгэл өгч эхэлж байна. Тан дээр олон ачаалал ирж байгаа шүү. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна, харин өөрийн амь насаа алдахаас айхгүй” гэж хэлж байсан. Та энэ үгийг хэлж ажиллаж чадах уу?
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Бид ард түмнийхээ санал бодол зөвлөгөөг авч байж шийдвэр гаргах учиртай. Үндсэн хуулинд Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Энэ эрх мэдлээ төлөөлөгчөөр дамжуулж эдэлнэ гэж заасан. Би хууль дээдэлж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд шударга ёс дээр тогтсон хуулийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллах ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Эгзэгтэй цаг үед ажиллахаар орж ирж байгаа Г.Занданшатарыг дэмжиж байна. Энэ цаг үед түүхэн үүрэг хүлээж УИХ-ын даргын сэнтийд очих гэж байгаа. Та чадна гэж бодож байна. М.Энхболд ажлаа сайн хийсэн. МАН-ыг УИХ-д үнэмлэхүй олон суудалтай болгож чадсан. Энэ буухиаг үргэлжлүүлэн авч явах үүрэг танд ногдож байгаа. Улс төрд хов живээр ханддаг асуудалд цэг тавиасай гэж хүсч байна. Бие биеэ үл ойлголцсон байдлаас болж гарсан сөрөг бүхэнд цэг тавиасай гэж хүсч байна. Ингэхдээ улс төрийнхээ итгэл үнэмшлээр анд нөхрийнхөө эсрэг хуулийн хүрээнд ажиллах шаардлага тулж магадгүй. Тийм учраас зарчим барьж ажиллаарай. Эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой, буруу зөрүү зүйл хийхээс зайлсхийдэг байх ёстой. Энэ загварыг УИХ-д бий болгоосой гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд ирцээ бүрдүүлдэг, цагтаа оролцдог, дэгээ барьж ажилладаг байхыг шаардаж ажиллах болно. Үүнийг иргэдийнхээ шаардлага гэж ойлгож уриалж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Их хурлын даргыг тавьсаны дараа ЗГХЭГ-ын даргыг тавина гээд явна. Чуулган сунгана гэж байхгүй шүү. Би 40 хоног ажлаа хийсэн. Хуулиа өргөн бариад л шийдчих юмыг Ерөнхийлөгчөөр бариулаад явсан. Хэрэв чуулганыг сунгана гэвэл ямар шалтгаанаар сунгах вэ? ШХАБ-д орох эсэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Мөн ЖДҮ-д холбогдсон 23 гишүүнээ яах вэ? Хуулийн байгууллага оруулж ирвэл шийдэх үү, эсвэл өршөөлийн хуулинд орох уу? УИХ-ын гишүүн гэр оронд нь чагнах төхөөрөмж тавьсан, гурван машин нотлох баримт шатаасан гэдэг асуудал дээр ажиллах уу?
Занданшатар: Их хурлын чуулганыг сунгах эсэх асуудлыг УИХ дарга дангаараа шийддэг юм шиг буруу ойлголт өгөөд байх юм. УИХ дарга хууль дээдлэх зарчим баримтлах ёстой.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын чуулганыг сунгах талаар УИХ-ын Тамгын газар, нам эвслийн бүлгийн саналыг авч байж шийднэ. Ганц УИХ-ын дарга үүнийг шийдэхгүй. ШХАБ-д орох эсэхийг сайн судалж, УИХ шийдэх ёстой. Ерөнхий гэрээнд нэгдэхэд гишүүн орон тухайн байгууллагад нэгдсэнээрээ ямар баталгаатай, эрсдэлтэй болдог юм гэдгийг судлаачид, эрдэмтдийн нотолгоон дээр үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Жил гаруйхан хугацаанд хийх ажил их байна. Улс төрийн намууд худал амладаг, авлига авдаг гол институци. Тиймээс улс төрийн намын хууль, сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Мөнгөтэй хүмүүс ялдаг системийг үтэр түргэн өөрчлөх шаардлагатай. Банк санхүүгийн мөлжлөгийн системийг өөрчлөх ёстой. Шүгэл үлээгчийн тухай хууль гэж барууны орнуудад байдаг. Ийм хуулийг яаралтай батлахгүй бол мянга мянган хүн хэлмэгдэх нь. Нийгэм цэвэршихийн тулд энэ хулийг батлах хэрэгтэй. Ажилдаа ханцуй шамлан ороорой. Та МАНАН-гийн эсрэг тэмцэлд чамгүй хувь нэмэр оруулсан хүн. Таныг дэмжиж ажиллах болно.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “15 цагт хийх Ерөнхий сайдын мэдээллийг маргааш хүртэл хойшлуулж, бусад тогтоол шийдвэрүүд гэх мэт хуримтлагдсан асуудлаа үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэе” гэсэн санал гаргалаа. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үдийн цайны цаг болсон тул чуулганы хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэх гэсэн боловч гишүүдийн зүгээс УИХ-ын даргын асуудлыг завсарлалгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн юм. Түүнчлэн зарим гишүүд УИХ-ын даргыг морин цагт багтаан томилохыг хүсч байгаа бололтой. Иймд чуулган завсарлалгүй үргэлжилж байна.
Чуулганд УИХ-ын 62 гишүүн ирцээ бүртгүүлжээ.